COVID-19-ийн эсрэг вакцинуудын алийг нь сонгох вэ?
Коронавируст халдварын эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж буй дэлхийн гурван компани өөрсдийн туршсан вакциныг ер бусын өндөр үр дүнтэй гэж зарласан. Эдгээр мэдэгдлийг туршилтын урьдчилсан дүнд тулгуурлан хийсэн хэдий ч “шигшээд түрүүлж шалгарах” магадлалтай вакцинуудын нэрс үндсэндээ тодорхой болжээ. Эдгээр компанийн бүтээсэн вакцины үр дүнгийн үзүүлэлт нь хамгийн өөдрөг хүлээлтээс ч давж байгаа юм.
ДЭМБ-ын шинжээчид ярихдаа “70-аас дээш хувийн үр дүнтэй ямар ч вакциныг амжилттайд тооцно” гэсэн бол вирусээс наад зах нь 50 хувиар хамгаалж чадах вакциныг худалдан авахад бэлэн гэдгээ Америкийн эрх баригчид мэдэгдсэн байна. Дашрамд хэлэхэд, ханиадны вакцин 50 орчим хувийн үр дүнтэй байдаг. Европын Эрүүл мэндийн агентлагийн хувьд, үр дүн нь 50-иас доош хувьтай байсан ч гэсэн вакциныг худалдан авахад бэлэн гэдгээ битүүхэн мэдэгдсэн.
Дээрх гурван вакцины хооронд ижил төстэй үзүүлэлтүүд төдийлөн олон биш байгаа нь найдвар төрүүлж байна. Учир нь ийм вакцинууд хоорондоо өрсөлдөх магадлал бага, харин бие биенээ нөхөж чадах давуу талтай гэсэн үг юм.
Үр дүнгийн талаарх мэдэгдлүүд
Дэлхий даяар 1,3 сая хүний амь насыг авч одсон цар тахлыг эцэс болгоно гэж амлаж буй тэргүүлэгч гурван компани өөр хоорондоо нэлээд ялгаатай гэдэг нь харагдлаа. Вакцин гарган авах талаар амжилт олсон гэдгээ хамгийн түрүүнд Америкийн эм үйлдвэрлэлийн Pfizer компани зарлан мэдэгдсэн. Энэ бол 150 жилийн түүхтэй, дэлхийн II дайны жилүүдэд пенициллин үйлдвэрлэж, олон сая долларын ашиг олж байсан эм үйлдвэрлэлийн нүсэр том компани юм.
Мэдэгдэл хийснээс хойш долоо хоногийн дараа тус компани эмнэлзүйн туршилтынхаа завсрын үеийн дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг нийтэллээ. Эдгээрийг харвал, пфайзерын вакцин /BNT162b2/ нь 95 хувийн үр дүнтэй ажээ. Энэ бол тун сайн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтад хамрагдсан 100 хүн бүрийн 95-д нь тогтвортой дархлаа үүсч, халдварын эрсдэл 20 дахин буурна гэсэн үг.
Тэргүүлэгчийн архан талд инновацийн Moderna компани явж байна. Биотехнологийн зах зээлд ердөө 10-хан жил үйл ажиллагаа явуулж буй тус компани ямар нэгэн вакцин гарган аваагүй, бүртгүүлээгүй байгаа юм. Нэг талаас дүгнэвэл энэ нь гайхахаар зүйл биш. Энэ компанийн бүтээж буй вакцин нь матрицын РНХ /рибонуклейн хүчил/ дээр суурилсан бөгөөд энэ технологиор гарган авсан ямар ч вакциныг хүмүүст хэрэглэхийг зөвшөөрөхгүй байгаа юм.
Нөгөөтэйгүүр, Pfizer-ын вакциныг ч мөн адил ийм технологиор үйлдвэрлэнэ. Инновацийн энэ хоёр вакцины үр дүн маш өндөр гарсан нь гүн сэтгэгдэл төрүүлж байна. Урьдчилсан байдлаар Модернагийн вакцин вирусээс 94,5 хувь хамгаална гэсэн үзүүлэлттэй гарчээ.
Үүнээс гадна Оросын Гамалеягийн нэрэмжит төвийн эрдэмтэд өөрсдийнх нь гарган авсан "Спутник V" вакцин Covid-19-ээс 92 хувийн үр дүнтэйгээр хамгаална гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Pfizer-ын нэгэн адилаар Оросын судлаачид зуун дамнасан түүхээрээ бахархдаг. Пфайзерын вакцинаас ялгаатай нь гэвэл, “Спутник”-ийг гарган авах ажлыг улсын төсвөөс санхүүжүүлжээ. Тодорхой хэлбэл, Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний төв нь Оросын Эрүүл мэндийн яамны бүтцэд багтдаг ба вакцин гарган авах судалгааны ажлыг Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан санхүүжүүлсэн байна.
Эцсийн тоон үзүүлэлтүүд мөн үү?
Эдгээр гурван вакциныг эмнэлзүйн өргөн хүрээтэй туршилтанд оруулсан бөгөөд туршилт ирэх оны тавдугаар сараас нааш дуусахгүй бололтой. Тэгэхээр вакцины үр дүнгийн талаарх дүгнэлтүүдийг урьдчилсан дүн шинжилгээнд тулгуурлан хийсэн байж таарна.
Вакцин тарьснаар Ковид-19-ээс үнэхээр хамгаалж байна уу гэдгийг тодорхой болгохын тулд тарилга хийлгэсэн сайн дурынхнаас хангалттай тооны хүмүүс вирусийн халдвар авахыг хүлээх хэрэгтэй. Мөн жинхэнэ вакцинаар тариулсан ба хуурамч вакцинаар тариулсан хүмүүсийн тоог харьцуулах ёстой.
Хамгийн түрүүнд Моderna компани дэлгэрэнгүй мэдээллээ өглөө. Туршилтад оролцсон 30 мянган сайн дурынхнаас 95 хүн Ковид-19-ийн халдвар авсан нь тогтоогдсон ба тэднээс 90 нь хяналтын бүлэгт /хуурамч вакцин хийлгэсэн хүмүүс/ багтаж байжээ. Харин бусад 5 нь туршилтын бүлгийнх гэсэн үг. Жинхэнэ вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд хүндээр өвчилсөн тохиолдол ганц ч гараагүй нь эрдэмтдийн урмыг сэргээж байна. Харин хуурамч вакцин тариулсан сайн дурынхны дунд хүндээр өвчилсөн 11 тохиолдол илэрчээ.
Халдварын 170 тохиолдолд үндэслэн /туршилтад нийт 40 мянган хүн оролцсон/ Pfizer компани вакцинаа 95 хувийн үр дүнтэй гэж мэдэгдсэн байна. Өвчилсөн 170 хүнээс ердөө 8 нь жинхэнэ вакцин хийлгэжээ.
Харин халдварын ердөө 20 тохиолдолд үндэслэн Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан “Спутник” вакцины үр дүнгийн талаар мэдэгдэл хийлээ. Туршилтад оролцогчдын хэд нь жинхэнэ вакцин хийлгэсэн нь тодорхойгүй ба 92 хувийн үр дүнтэй гэх дүгнэлтийг ямар дэлгэрэнгүй үзүүлэлтэд тулгуурлан хийсэн бэ гэдгээ нууцалсаар байна.
Вакциныг хэдий хүртэл хүлээх вэ?
Шинэ жилээс өмнө 50 сая тун вакцин нийлүүлэхэд бэлэн гэдгээ Pfizer мэдэгдсэн бөгөөд энэ нь 21 хоногийн зайтайгаар 25 сая хүнд хоёр удаа тарилга хийхэд хүрэлцэнэ. Вакциныг Аргентин, Бразил, Герман, АНУ, Турк, ӨАБНУ гэсэн 6 оронд туршиж буйг тооцвол, эдгээр улс тус бүрийн 4 сая иргэнд тарилга хийнэ гэсэн үг.
Вакциныг хамгийн түрүүнд хэнд хийх вэ гэдгийг улс орнуудын эрх баригчид өөрсдөө шийднэ, гэхдээ энд тээвэрлэлттэй холбоотой бэрхшээл бий. Учир нь, пфайзерын вакциныг -80 хэмийн хүйтэнд хадгалах ёстой. Pfizer компани вакцинаа тээвэрлэхийн тулд хэд хэдэн компанийн нисэх онгоцуудыг аль хэдийнэ урьдчилан түрээслээд байна. Вакциныг нэг хайрцганд 4 мянган тунгаар савласан бөгөөд хайрцгийг өдөрт 2-оос дээш удаа онгойлгож болохгүй. Тэгэхээр эхний хэсэг вакциныг зөвхөн Нью-Йорк, Рио-де-Жанейро гэх мэт мегаполис хотуудын том эмнэлгүүдэд хүргэхээс өөр аргагүй. Харин хөдөөгийн жижиг эмнэлгүүдэд хэрхэн хүргэх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Тэгвэл Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдээлснээр, нийтдээ 1,2 тэрбум тун “Спутник” вакцин худалдан авах захиалгаа 50 улс ирүүлээд байгаа аж. Энэ нь хоёр тунгаар тооцвол 600 сая хүнд хүрэлцэнэ. Оросын вакциныг мөн хилийн чанадад үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Өмнөд Солонгост жилд 150 сая тун үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 12 дугаар сард ашиглалтад оруулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ