G20-д оролцогч орнууд хамтарсан тунхаглал гаргав
G20-д оролцогч орнуудын удирдагчид дээд хэмжээний уулзалтын дүнгийн талаарх тунхаглал гаргажээ.
Тэд энэ баримт бичигтээ “шинэ коронавируст цар тахлын дараа дэлхийд хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй, үнэ цэнтэй эринийг бүрдүүлэх” үүрэг хүлээсэн байна. G20-ийн орнуудын удирдагчид эрүүл мэндийн салбар, эдийн засаг, нийгмийн хүрээнд COVID-19-ийн үр дагавартай тулгарч буй үед бүх хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудыг дэмжих бодолтой байгааг тунхаглалд онцлон тэмдэглэжээ.
Үүнээс гадна, G20-ийн орнууд дэлхий нийтэд COVID-19-ийн бэлдмэл, тестийг шударгаар түгээхэд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн байна.
Мөн хорийн бүлгийн орнууд 2021 оны зургаадугаар сарын сүүлч хүртэл хамгийн ядуу буурай орнуудын зээлийн төлөлтийг азнах шийдвэрийн үйлчлэлийг дэмжиж байгааг баримт бичигт тэмдэглэжээ. Дэлхийн эдийн засаг сэргэж байгаа ч энэ үйл явц алдагдах их эрсдэлд өртөж жигд бус, тодорхой бус байгааг G20-ийн орнуудын удирдагчид дурдсан байна.
G20-ийн орнууд хүмүүсийн амь нас, ажлын байр, орлогыг хамгаалахад хэрэгтэй байх тэр үе хүртэл бодлогын бүхий л боломжтой арга хэмжээг цаашид ашиглах үүрэг хүлээгээд, хямралыг давахад хамгийн ядуу буурай улсуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхийг хөгжлийн банкуудад уриалжээ.
Олон талын худалдааны системийг дэмжихийн чухлыг тунхаглалд бас онцлон тэмдэглэсэн байна. “Бид таатай бизнесийн орчин бий болгох адил тэгш нөхцлөөр хангах талаар цаашид ажиллана” гэж баримт бичигт өгүүлжээ.
Дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 21-22-нд онлайн горимоор болсон юм. Саудын Арабын ван Сальман бен Абдель Азиз Аль Сауд G20-ийг даргалах үүргийг Италид албан ёсоор шилжүүлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ