Путин дэлхийн гол, гол эрсдэлийн тухай ярив
"2020 онд хүн төрөлхтөн урьд байгаагүй өргөн цараатай асуудлуудтай тулгарлаа" гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.
Тэрээр энэ жил Саудын Араб даргалан зохион байгуулж буй G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Коронавирустэй холбоотой хязгаарлалтаас болоод энэ арга хэмжээг онлайн хэлбэрээр явуулахаар шийдвэрлэжээ.
Коронавируст цар тахал, дэлхий нийтийн хязгаарлалт хийгээд эдийн засгийн идэвхижлийн зогсонги байдал нь их уналтын үеэс хойшхи дэлхийд болж байгаагүй эдийн засгийн системийн шинжтэй хямрал үүсгэснийг Путин тэмдэглэсэн байна. Үндэсний эдийн засгуудын өсөлт ноцтой буурсныг Оросын ерөнхийлөгч тэмдэглээд, цар тахал олон зуун мянган хүний амь насыг авч, олон сая хүн ажил, орлогогүй болсныг онцлон дурджээ.
Тэрээр ядуурлыг улам ихэсгэх олныг хамарсан урт хугацааны ажилгүйдлийг дэлхийн гол эрсдэл гэж тодорхойлсон байна. Энд G20 гол үүрэгтэй бөгөөд ийм явдал гаргуулах ёсгүй гэж цохон заажээ.
G20-ийн орнууд эдийн засгийн эрсдэлтэй тэмцэх, ажил хэргийн идэвхижлийг сэргээх талаар хэд хэдэн санаачлага гаргасныг ерөнхийлөгч дурджээ.
Коронавирусийн үр дүнтэй, аюулгүй вакциныг бүх хүнд хүртээмжтэй болгох шаардлагатайг тэрээр онцолсон байна. “Дархлаажуулалтын эм бэлдмэлүүд нь нийгэмд бүх нийтийн хүртээл болох ёстой” гэж Путин хэлээд, Орос улс өөрийн эрдэмтдийн гаргаж авсан вакцинуудыг шаардлагатай орнуудад олгоход бэлэн байгааг мэдэгджээ.
ОХУ-ын ерөнхийлөгч гаалиар хавчих явдал, өрөөсгөл хориг хэмжээнээс татгалзахыг G20-ийн бусад удирдагчдад бас уриалсан байна. Орчин үеийн сорилтын дагуу Дэлхийн худалдааны байгууллагад шинэтгэл хийх нийтлэг хандлагыг G20-ийн хүрээнд цаашид эрж хайх хэрэгтэй гэж тэрээр хэлжээ.
Түүнчлэн дэлхийн хөгжлийн чиглэлийг өөрчлөх, хүрээлэн буй таатай орчныг хэвээр хадгалах, бүх улс, ард түмний эрх тэгш нөхцлийг хангах, олон талын хамтын ажиллагааны арга механизмыг бэхжүүлэхийн тулд одоогийн хямралыг ашиглах арга эрж олохыг Путин санал болгосон байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ