Сенегалд үл мэдэгдэх өвчин гарчээ
Сенегал улсын 170 гаруй хүн толгой, үе мөчинд нөлөөлдөг үл мэдэгдэх өвчин тусчээ. Дакар мужийн эрх баригчид загасчдыг халдварын эх үүсвэр гэж үзэж, далайд гарахыг хориглосон аж. Эхний тохиолдол 11 дүгээр сарын 12-нд илэрсэн бөгөөд үүнээс хойш арьсанд нь тууралт илэрснээр 100 орчим загасчин эмч нараас тусламж хүссэн байна. "Dacar Actu" сонинд бичсэнээр загасчид энэ тухай орон нутгийн эрх баригчдад мэдэгдсэн ч тэднийг авч хэлэлцээгүй аж.
Ийнхүү 70 хүнд ижилхэн шинж тэмдэг илэрсний дараа л хориг тавьсан байна. Халдварлагсдыг Рюфискийн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд байрлуулаад байгаа аж. Эрдэмтэд одоогоор далайн усыг шинжлэн судалж буй гэнэ. Тэдний хувьд өөрийгөө болон гэр бүлээ тэжээх цор ганц арга нь загасчлах учир тэд хоригийг зөрчиж далайд гарсаар байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ