Европын анагаах ухаан бүх боломжоо шавхан ажиллаж байна
Европт 17 секунд тутамд нэг хүн коронавирусээр нас барж байна гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Гэвч европын анагаах ухаан хамаг боломжоо дайчлан ажиллаж байгаа юм.
Германы оршин суугчдыг хүнд хэцүү сарууд хүлээж байна. Канцлер Ангела Меркель онлайн хурлын үеэр ямар нэгэн найдлага тавихгүй байна. Кохын хүрээлэнгийн мэдээлснээр, тус оронд өвчлөл маш их хэвээр байгаа ажээ. Герман улс бүр нэгдүгээр сард хамгийн хатуу хөл хорио тогтоож болох юм гэсэн мэдээ хэвлэлд гарсан байна.
Харин Ангела Меркель "Элдэв цуу яриаг эс тайлбарлаж, үе үеийнхнийг эв санаа нэгтэй байхыг уриалж байна. Энэ вирус биднийг үйл хөдлөлөө өөрчлөхөд хүргэсэн. Тиймээс хамтдаа нэгэн санаа бодолтой байх нь энэ хэцүү цагийг давах хамгийн сайн арга мөн. Нийгэм бол айл өрхтэй адилхан. Тиймээс нэгдэл нягтрал биднийг аварна” гэж тэрээр хэлжээ.
Чехийн парламент онц байдлын горимыг арванхоёрдугаар сарын 12 хүртэл бас гурван долоо хоногоор сунгасан байна. Санал хураахын өмнө есөн цагийн мэтгэлцээн өрнөж, энэ үеэр сөрөг намууд онц байдлын горимыг сунгахыг улайран эсэргүүцэж байжээ. "Зул сарын баярын өмнө хязгаарлалтыг түргэн зуур сулруулж, хүн хоорондын харилцааг сэргээх нь 2021 оны эхээр халдвар дахин дэгдэхэд хүргэнэ. Харин онц байдлын горимыг сунгах нь үүнээс сэргийлэх боломж олгож байна" гэж засгийн газрын төлөөлөгчид сэрэмжлүүлжээ.
Коронавирус Европын төв банкны даргын хэлсэн үгийн гол сэдвийг ч тодорхойлж байна. "Вакцин хийж буй тухай мэдээ найдвар төрүүлж байгаа. Гэхдээ хязгаарлалтын арга хэмжээг сулруулах нь эртэднэ. Хүмүүсийг олноор нь вакцинжуулах ажил их хугацаа шаардана. Сүргийн дархлаа бий болгох хүртэл тэсэх зорилт эдийн засгийн өмнө ч тулгарч байна" гэж Кристин Лагард тэмдэглэжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ