Эзнийхээ булшны ойролцоо 10 жил амьдарсан нохой
Токиогийн их сургуулийн профессор Хидэсабуро Уэно (1871-1925) нас барахад түүний Хачико нэртэй нохой эзнээ галт тэрэгний буудалд 10 жил хүлээсний эцэст үхсэн. Ийнхүү 1934 онд Шибуягийн галт тэрэгний буудалд Хачико нохойн хөшөөг босгосон байдаг. Тэгвэл таван жилийн өмнө Хачико нохой эзэнтэйгээ уулзаж буй дүрслэл бүхий хөшөөг Токиогийн их сургуулийн гадаа босгосон билээ.
Үүнтэй адил явдал Италид болжээ. Малын эмч нар хорт хавдар туссаны улмаас хөдөлж ч чадахаа байсан Николетта нэртэй нохойг өнгөрсөн жил нойрсуулжээ. Эл нохойн эзэн нь Итали улсад амьдарч байсан Альфред хэмээх Герман эр бөгөөд тэрээр 2009 онд өөд болжээ. Харин түүний нохой нас барсан эзнийхээ булшны ойролцоо сүүлийн 10 жил амьдарсан байна. Оршуулгын газрын ойролцоо амьдардаг хүмүүс Николетта нохойг хэдийнэ мэддэг болсон бөгөөд түүнд хоол өгдөг байсан аж.
Түүнчлэн орон нутгийн иргэдийн зүгээс Николетта нохойд зориулж хөшөө босгох санаачилга гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ