Коронавирусийн тархалтын оргил үе хэзээ ирэхийг таамаглажээ

Италийн молекулярын генетикийн хүрээлэнгийн захирал, вирус судлалын тасгийн эрхлэгч Жованни Мага “Известия” сонины сурвалжлагчтай ярилцахдаа, Европт коронавирусийн тархалтын оргил үе хэзээ ирэхийг хэлжээ.

 COVID-19-ийн өвчлөл өвлийн улирлын туршид үргэлжилнэ. Тиймээс оргил цэгтээ хэзээ хүрэх тухай ярих нь одоогоор үнэхээр хэцүү гэж тэрээр хэлсэн байна. Энэ нь эпидемиологийн нөхцөл байдал, хязгаарлалтын хатуу арга хэмжээ, хүн амын сахилгаас шалтгаалан өөрийн гэсэн хугацаатай байх болно гэж вирус судлаач үзэж байна.

   “Вакцинаар бид хүн амын эмзэг хэсгийг хамгаална. Эмчилгээ хийснээр бусдыг нь эдгэрүүлнэ” гэж тэрээр онцлон тэмдэглэжээ. Коронавирусийн эсрэг тэмцэхэд вакцин чухал үүрэгтэй ч, энэ нь өвчлөлд өгөх эцсийн хариулт биш гэжээ.

 Хангалттай тооны хүмүүсийг вакцинд хамруулж, сүргийн дархлаа бий болгоход олон жил шаардагдана гэж вирус судлаач үзэж байна. “Хүн бүр вакцин хийлгэе гэдэггүй бөгөөд зарим нь эрүүл мэндийн шалтгаанаар тариулж чадахгүй. Тиймээс хэн нэг нь байнга халдвар авна” гэж Мага төгсгөлд нь хэлжээ.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ