“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 42 дугаар хэвлэгдлээ.  Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлсөн тухай” Улсын Их Хурлын тогтоол болон Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон зарим хүмүүсийг Шүүхийн ёс зүйн хорооны дарга, гишүүний албан тушаалаас чөлөөлсөн тухай зарлигийг тус тус нийтэллээ. 

Мөн Монгол Улсын Засгийн газраас “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх улаанбуудайн үр, хүнсний улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосны жагсаалт”, “Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалт” батлах тухай тогтоолуудтай танилцах боломжтой. 

Түүнчлэн эмхэтгэлийн энэ дугаараас Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай” тогтоолыг нийтэлсэн бөгөөд  уг журмаар Монгол Улсын дипломат, албан гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах, хүчингүй болгох, устгахтай холбогдсон харилцааг хэрхэн зохицуулсан талаарх мэдээлэл авахын зэрэгцээ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй дэлгэрэнгүй танилцах боломжтой.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ