Коронавирусээр өвчилсний дараа уушгийг хэрхэн сэргээх вэ?
COVID-19-өөр өвчилж эдгэрсний дараа уушгины эд эсийг сэргээх шаардлагатай. Ингэхийн тулд тусгай дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй болдог гэж “Аргументы и факты” сонинд бичжээ. "COVID-19-өөр өвчилж эдгэрсний дараа уушигны хэвийн үйл ажиллагааг сэргээхэд тодорхой хугацаа буюу хагас жилээс хоёр хүртэлх жилийн хугацаа шаардлагатай" гэж Оросын гавъяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, уушгины эмч Александр Карабиненко хэлсэн байна.
Хэрвээ уушгины хэвийн үйл ажиллагааг сэргээхгүй бол хүн их ядарч, ачаалалтай ажиллаж чадахгүй болно. Учир нь биеийн хүчний ажил хийхэд хүнд хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгддэг гэж тэрээр мэдэгджээ.
Оросын ШУА-ийн клиникийн төв эмнэлгийн харшил судлал, дархлааны эмгэгийн тасгийн эрхлэгч Евгения Паршина уушгины хэвийн үйл ажиллагааг хэрхэн сэргээхийг зөвлөсөн байна. Юуны өмнө тусгай тоног төхөөрөмж хэрэглэхгүйгээр амьсгалын дасгал хийх хэрэгтэй гэнэ. Амьсгалын дасгалыг өөрөө бие даан хийж, ингэхдээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй юм. Дасгалыг өдөрт хэд хэдэн удаа тогтмол хийх шаардлагатай.
Түүнчлэн амьсгалын дасгалыг тоног төхөөрөмж дээр хийж, амьсгалын дутмагшлыг эмчилж, коронавируст халдварын вирусийн ачааллыг бууруулах зорилгоор эмнэлгийн нөхцөлд гели-хүчилтөрөгчийн хольцоор утлага хийх нь үр дүнтэй байдаг аж. Амьсгалын дасгалыг хэвтээ болон суугаа байрлалд хийж болно. Энэхүү дасгал нь тонусыг хадгалах боломж олгоно гэж Евгения Паршина тэмдэглэжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ