Трамп сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөөгүй л байна

АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп саяхан болж өнгөрсөн сонгуулийг луйврын сонгууль болсон гэж тодорхойлоод, өөрийгөө ялагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буйгаа мэдэгджээ.

"Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден хоёр нүүрт сэтгүүлчдийн нүдэн дээр л ялсан хэрэг" хэмээн тэр онцлон тэмдэглэсэн байна. "Би огт бууж өгөхгүй! Бид урт замыг туулах болно. Энэ нь найруулж тавьсан жүжиглэл байсан юм” гэж тэрээр арваннэгдүгээр сарын 15-ны ням гарагт твиттертээ бичсэн байна.

 "Ерөнхийлөгчийн сунгаанд Байден түрүүлж байгаа нь луйвар бөгөөд сонгууль явуулах үед өч төчнөөн зөрчил гарсантай холбоотой юм.  Тухайлбал, зарим сонгуулийн хэсэгт ажиглагч нарыг оруулаагүй, нэр хүнд муутай компаниар санал тоолуулсан" гэж Цагаан ордны тэргүүн бичжээ.

 “Нэр хүнд муутай Dominion компани болон Техас мужид шалгаж баталгаажуулаагүй муу тоног төхөөрөмжөөр санал тоолуулсан юм” гэж тэр дурдсан байна.

 Арваннэгдүгээр сарын 14, 15-ны өдөр Трампын талынхан Вашингтон хотод түүнийг дэмжсэн жагсаал хийсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад зөрчилж гаргасан хэмээн арга хэмжээнд оролцогчид хэлцгээж, Трампын нэр болон “Дахиад дөрвөн жил” гэж бичсэн зурагт хуудсуудыг барьсан байна. Америкийн удирдагч жагсаалд оролцогчдод талархал илэрхийлжээ. "Намайг дэмжиж олон зуун мянган хүн жагссанд баярлалаа"  гэж тэрээр тэмдэглэсэн байна.

 Арваннэгдүгээр сарын 15-нд жагсагчдын хооронд мөргөлдөөн болж, Вашингтоны цагдаа нар 20 гаруй хүнийг саатуулжээ.

 Арваннэгдүгээр сарын 3-нд болсон бүх нийтийн сонгуулиар "Жо Байден сонгогчдын саналын тоогоор Трампаас түрүүлж, сонгогчдын төлөөлөгчдийн олонхи саналыг авлаа" гэж Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм. Гэвч сонгуулийн албан ёсны дүнг одоо болтол зарлаагүй л байна.


 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ