"Аль-Кайда"-гийн нэг удирдагчийг устгажээ

sent Today at 1:25 PM

Иранд гурван сарын өмнө "Аль-Кайда" бүлэглэлийн толгойлогчдын нэг Абдулла Ахмед Абдуллаг устгасан байна. Тагнуулын албаны эх сурвалжуудыг эш татан энэ тухай "The New York Times" сонинд мэдээлэв. Абу Мохаммед аль-Масри хочит Абдулла Тегеранд наймдугаар сарын 7-нд АНУ-ын нэрийн өмнөөс ажиллаж байсан Израилийн тагнуулын ажилтнуудад буудуулж, амиа алдсан юм. 1963 оны зургадугаар сарын 6-нд төрсөн энэ египет эртэй хамт охин Мириам нь алуулсан ба бүсгүй "Аль-Кайда" бүлэглэлийг үндэслэгчийн хүү Осама бин Ладен Хамзагийн бэлэвсэн эхнэр аж.
Иранд 2003 оноос хойш амьдарч байсан Абдулла нь 2015 оноос Тегеранд аж төрөх болжээ. Түүнийг Кени, Танзани дахь АНУ-ын ЭСЯ-нд болсон террорист халдлагыг зохион байгуулсан хэмээн сэжиглэж байв. Дашрамд дурдахад Холбооны мөрдөх товчоо түүнийг эрэн сурвалжлагдаж байсан хамгийн аюултай алан хядагчдын жагсаалтад оруулж, мэдээлэгчид 10 сая ам.долларын урамшуулал олгожээ.
Аравдугаар сард ХМТ-ноос эрэн сурвалжилж асан "Аль-Кайда" бүлэглэлийн удирдагчдын нэг Абу Мухсин аль-Масриг устгасан агаад түүнийг америк иргэдийг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгасан юм. Мөн зургадугаар сард Хойд Африк дахь "Аль-Кайда"-гийн толгойлогч Абдельмалек Друкдалийг устгасан бол хоёрдугаар сард Йемен дэх террорист бүлэглэлийн удирдагч Касим аль-Раймиг америк цэргүүд хөнөөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ