Булга коронавирусээр халдварласан тохиолдол зургаан улсад бүртгэгджээ

Дани улсад өнгөрсөн долоо хоногт мутацид орсон коронавирусийн халдвар булганаас илэрснийг зарласан. Данид өнгөрсөн зургаадугаар сараас хойш 200 гаруй хүн булга үржүүлгийн фермээс мутацид орсон коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. 

Иймд Данийн засаг захиргаа 1139 фермд тархсан халдварыг зогсоохын тулд үржүүлгийн фермийн 17 сая булгыг нядлахаар шийдвэрлэсэн аж. Дани нь булганы арьс нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг юм.

Данийн эрдэмтэд хүн болон амьтны хооронд халдвар тархах үед вирус генетикийн өөрчлөлтөд орох боломжтой, мутацид орсноор вакцины үр нөлөөг бууруулах эрсдэлтэйг анхааруулжээ. Данид хөхтөн амьтнаас коронавирусийн мутацид орсон шинэ төрөл илэрсэнтэй холбогдуулан Британийн эрдэмтэд дээж авч шинжлэхээр Данийн талтай ярьж байгаа аж.

Гэтэл үржүүлгийн фермийн булга коронавирусээр халдварласан тохиолдол дэлхийн зургаан улсад бүртгэгдсэн тухай ДЭМБ-аас мэдээллээ. Тодруулбал, Даниас гадна Нидерланд, Испани, Швед, Итали, АНУ-д үржүүлгийн фермийн булганаас коронавирус илэрсэн тухай олон улсын мал амьтны эрүүл ахуйн байгууллагад мэдэгджээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ