“Фауст” өнөөдөр дахин тоглогдоно

Найруулагч М.Батболд “Альфа” театраа байгуулж, Германы суут зохиолч И.В.Гётегийн “Фауст” жүжгийг пост драм хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгоод буй. Хоёр бүлэг, 12 үзэгдэлт жүжгийг “Корпорэйт” зочид буудлын тоглолтын танхимд энэ сарын 6, 7, 8-нд тоглосон. Алдарт жүжгийг үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 10-нд ганцхан удаа дахин тоглохоор болжээ.

Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Фауст” жүжгийн гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Улсын драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглосон. Харин “Фауст” жүжгийн чөтгөр буюу Мефистофелийн дүрд жүжигчин Т.Бархүү тоглож байна. Дэлхийн олон орны театрт “Фауст” жүжгийг тоглоход эл дүрийг тухайн орны хошин урлагийн мастерууд “амилуулж” байсан түүхтэй. Мөн энэ жүжигт залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Ц.Цэлмүүн, Б.Хатанбаатар нар тогложээ.

Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү найруулагч М.Батболд “Фауст” жүжгийг 2018 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн бөгөөд жүжгийг зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва орчуулсан билээ.

Өнгөрсөн 2018 онд “Фауст” жүжгийн гол дүрд жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Л.Баттулга нар болон Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан түүний хань Г.Урнаа, жүжигчин Н.Оюунчимэг нар тоглож байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ