Трамп: Байден өөрийгөө ялсан гэж хэлэх эрхгүй

“Миний өрсөлдөгч ардчилсан намын Жо Байден өөрийгөө ялсан хэмээн ярих эрхгүй. Асуудлыг шүүхээр хянан хэлэлцэж байхад тэр өөрийгөө ялсан хэмээн ярих ёсгүй юм” гэж Америкийн одоогийн удирдагч Дональд Трамп мэдэгдэв.

 

“Шүүхээр хянан хэлэлцэх ажил дөнгөж эхлэж байхад Байден ерөнхийлөгчийн албан тушаалд очсон мэтээр мэдэгдэх нь хууль бус” гэж Трамп твиттерт бичжээ.

 

Түүнчлэн тэрбээр "Манай талынхны санаачлагаар шүүхээр асуудлыг шийдвэрлэсэн дүнгээр хэд хэдэн муж улсад тэргүүлэх байр сууриа буцааж авна. Би эхлээд эдгээр муж улсад тэргүүлж байсан ч дараа нь энэ ялгаа учир битүүлэг байдлаар байхгүй болсон юм" хэмээн тайлбарлажээ. 

 

АНУ-ын төрийн тэргүүнийг сонгох сонгууль 11 дүгээр сарын 3-нд болсон ч ялагч одоогоор тодроогүй байгаа билээ. "Саналыг тоолж дуусах үед намайг ялагчаар зарлах болно" гэж Жо Байден мэдэгдсэн юм.

 

Трампын өмгөөлөгч нар сонгуулийн үеэр гарсан зөрчлийн тухай мэдээг хүлээж авахаар холбооны шууд шугам нээжээ. Санал тоолоход хууль бус саналын хуудсуудыг тооцохгүй байхыг шаардана гэдгээ Трамп мэдэгдсэн байна.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ