Вена хотод болсон халдлагын үеэр гурван хүн амиа алджээ

Австрийн нийслэл Вена хотын төвд даваа гарагт болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүний тоо гурав болсныг тус улсын дотоод хэргийн сайд өнөөдөр мэдээлжээ.


Амиа алдсан нэг эмэгтэй, хоёр эрэгтэй бүгд энгийн иргэд байсан аж. Үүнээс гадна 15 хүн шархадсаны дотор нэг цагдаагийн офицер байгаа ажээ.


Вена хотын төвд зургаан тусдаа халдлага зэрэг гарсан бөгөөд цагдаа нар нэг террористийг буудаж устгасан байна. Уг этгээд нь биедээ хуурамч тэсрэх бодис зүүсэн, Исламын Улс байгууллагын дэмжигч байсныг тогтоожээ. Мөрдөх ажиллагаанд нөлөөлж болзошгүй тул алагдсан этгээдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Өчигдөр Вена хотод цар тахлын хөл хорионы дэглэм хэрэгжиж эхлэхийн өмнөх орой байсан тул гудамж зам хөл хөдөлгөөн ихтэй байсан гэнэ. Энэ үеэр автомат буугаар зэвсэглэсэн этгээдүүд хүмүүс рүү гал нээжээ.

Террористуудыг мөрдөх, эрэн сурвалжлах ажиллагаанд 1000 орчим тусгай хүчний албан хаагч дайчлагдаад байгааг Австрийн дотоод хэргийн сайд Карл Нехаммер мэдэгдсэн байна. Тэрбээр иргэдэд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ