Дональд Трамп, Жо Байден нарын хэн нь ерөнхийлөгч болох вэ?
АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр болно. Бүгд найрамдах намаас АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хоёр дахь бүрэн эрхийн төлөө өрсөлдөж байгаа бол сөрөг хүчин Ардчилсан намаас дэд Ерөнхийлөгч асан Жо Байден нэр дэвшээд буй юм.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп 74 настай бол түүний өрсөлдөгч Жо Байден энэ жил 78 насыг зооглож байгаа юм. Тэдний насны нийлбэр 152 буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн дэх хамгийн хөгшин өрсөлдөгчид болж байгаа аж. Өмнөх амжилтыг 2016 оны сонгуульд өрсөлдсөн 70 настай Дональд Трамп болон 68 настай Хилари Клинтон нар эзэмшиж байв. Хэрэв Жо Байден энэ удаагийн сонгуульд ялалт байгуулвал тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр насандаа сонгогдсон Ерөнхийлөгч болох юм. АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган найман жилийн турш Цагаан ордныг толгойлсны эцэст 1989 онд хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгох үедээ 77 настай байсан нь тус улсын түүхэн дэх хамгийн хөгшин Ерөнхийлөгчид тооцогддог.
Дональд Трамп албан ёсоор гурван удаа гэрлэж байсан бөгөөд таван хүүхэдтэй юм. Харин Жо Байден хоёр удаа гэрлэж, дөрвөн хүүхэдтэй аж. Өнөөгийн Ерөнхийлөгчийн том хүү Доналд Трамп Жуниор 2019 оны наймдугаар сард Монгол Улсад аялахдаа Улаан номонд бичигдсэн аргаль агнасан нь дэлхийн хэвлэлүүд болон амьтны эрхийг хамгаалагч байгууллагуудын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртсөн билээ. Тэгвэл Дональд Трамп Жуниор энэхүү аяллын зардалд АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөнөөс 76000 ам.доллар зарцуулсан нь ил болсноор энэхүү асуудал улам даамжирч Ерөнхийлөгчийн гэр бүлийн үргүй зардал, хэт тансаглалыг тойрсон улс төр болж хувираад байгаа юм.
Тэгвэл Жо Байдены хувьд энэ удаагийн сонгуулийн хамгийн том “хар PR” нь мөн түүний том хүү Хантер Байдентай нэр холбогдоод байна. Түүнийг Украинд их хэмжээний бохир мөнгө угаах хэрэгт буруутгаж буй юм.
Түүнчлэн өнөөдөр Төлөөлөгчдийн танхимын бүх гишүүн, Сенатын гуравны нэг болон 11 муж улсын захирагчийг сонгох ёстой юм. 95 сая гаруй америк хүн хэдийнэ урьдчилан санал өгчээ. Ийнхүү сонгуулийн дүнг маргааш өглөө зарлах төлөвтэй байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ