COVID-19: Европт халдварын тохиолдол сар гаруйн дотор хоёр дахин өслөө
Европын орнуудад коронавируст халдварын тохиолдол сүүлийн таван долоо хоногийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж, ням гарагт 10 саяын босгыг давлаа.
Өнгөрсөн сарын байдлаар Латин Америк, Азийн бүс нутгууд тус бүр 10 сая гаруй халдварын тохиолдолтой байв. Харин АНУ улс орнуудаас хамгийн өндөр буюу дангаараа 9 сая гаруй халдварын тохиолдолтой байгаа юм.
Европын орнуудын хувьд эхний 5 сая тохиолдолд хүрэхдээ есөн сарын хугацаа зарцуулсан бол сүүлийн 5 сая тохиолдол нь ердөө сар гаруй хугацааны дотор нэмэгджээ. Дэлхийн хүн амын 10 хувийг бүрдүүлдэг Европ тивд дэлхий дахинд бүртгэгдсэн нийт Covid-19 халдварын тохиолдлын 22 орчим хувь буюу 46.3 сая тохиолдол бүртгэгдээд байна. Тус тивд Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо 269 мянгад хүрсэн нь дэлхий дахинд бүртгэгдсэн 1.2 сая орчим эндэгдлийн 23 хувь болжээ.
Цар тахлын хоёр дахь давалгаа Европт дахин эхэлж, Франц, Герман, Их Британи улсууд энэ оны хавар тогтоож байсан үндэсний хэмжээний хорио цээрийн дэглэмээ дахин сэргээж эхлээд байна.
Түүнчлэн Испани, Итали, Португаль улсуудад вирусийн тархалтыг хязгаарлах арга хэмжээгээ чангатгаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ.
Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд дэлхий даяар 3.3 сая халдварын тохиолдол шинээр нэмэгдсэний бараг тал нь буюу 1.6 сая тохиолдол Европ тивд бүртгэгдээд байна. Энэ хугацаанд тус тивд 16,100 хүн коронавирусийн халдвараар нас барсан нь өмнөх долоо хоногоосоо 44 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Одоогийн байдлаар Европ тивийн 10 мянган хүн тутамд халдварын 127 тохиолдол, дөрвөн нас баралт оногдож байна. Харьцуулбал АНУ-д 10,000 хүн тутамд 278 тохиолдол, долоон нас баралт оногдож байгаа юм.
Бүс нутгаар нь авч үзвэл Зүүн Европт халдварын бүх тохиолдлын гуравны нэг оногдож байгаа бол Өмнөд Европт нийт нас баралтын 32 хувь оногдож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ