ДЭМБ: Коронавирусээр өвчилж эдгэрсэн хүмүүст урт хугацааны уршиг үлддэг

"COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүст бие махбодийн чухал, чухал системийг хөнддөг эмгэг үр дагавар урт хугацааны туршид үлддэгт ДЭМБ сэтгэл зовинож байна" гэж тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус мэдэгдэв.

 

"Энэ нь ядрах, ханиалгах, амьсгалахад түвэгтэй байж, уушги, зүрх зэрэг гол гол эрхтэн үрэвсэж, гэмтдэгийг хэлж байгаа юм. Коронавирусийн дараа эдгэрэлт удаан байж, олон долоо хоног, тэр ч байтугай олон сарыг элээж болох юм. Эмнэлэгт болон гэрээр эмчлүүлсэн хүмүүст ч наснаас үл хамааран дээрх үр дагаварууд илэрдэг" гэж Гебрейсус хэлжээ.

 

"Манай байгууллага хүмүүсийн эдгэрэх хугацааг наашлуулж, хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн эмчилгээний шилдэг стандарт боловсруулахын тулд нэмэлт судалгаа явуулах бодолтой байна" гэж тэрээр онцлон тэмдэглэжээ.

 

COVID-19 урт хугацааны үр дагавартайг засгийн газрууд хүлээн зөвшөөрч, бүх өвчтөнд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг хангаж өгөх нь чухал гэж Гебрейсус хэлсэн байна.

 

Үүнээс гадна, ДЭМБ-ын тэргүүн аравдугаар сарын 29-30-нд болсон онцгой байдлын хорооны ээлжит хуралдааны дүнгийн тухай ярьжээ. Түүний хэлснээр, шинжээчид коронавирусийн цар тахлын талаарх олон улсын онц байдлын горимыг хэвээр үлдээхийг зөвлөж, үүнийг тэрээр зөвшөөрсөн байна.

 

Түүнчлэн ДЭМБ цаашид дэгдэлт гарахаас сэргийлэх зорилгоор коронавирусийн гарал үүслийг тодруулах ажлаа үргэлжлүүлж байгааг Гебрейсус бас онцолжээ. 

 


Б.Атар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ