Францад хутгатай этгээд халдлага үйлдэж, гурван хүн амиа алджээ
Францын өмнөд нутгийн Ницца хотын сүмд хутгатай этгээд халдлага үйлдсэний улмаас гурван хүн амиа алджээ. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон уг явдлыг “лалын террорист халдлага” хэмээн тодорхойлсон байна.
Цагдаа нар гэмт этгээдийг буудан баривчилсан бөгөөд терроризмтой тэмцэх албаны мэргэжилтнүүд халдлагыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Халдлага үйлдсэн этгээд нь Тунисын 21 настай иргэн бөгөөд Францад энэ сарын эхээр ирсэн байжээ.
“Сүм, сургуулиуд зэрэг олон нийтийн газруудыг хамгаалахын тулд байршуулах цэргийн тоог 3000-аас 7000-д хүргэж нэмэгдүүлнэ” гэж Э.Макрон мэдэгджээ. Мөн Францад өндөржүүлсэн бэлэн байдлын хамгийн өндөр түвшнийг зарласан байна.
Энэ сард Францын багш Сэмюэл Пэти Парис хотын захад байрлах сургуулийнхаа гадна толгойгоо тасдуулсан хэрэг гарсан юм. Мөн есдүгээр сард Парис дахь “Charlie Hebdo” сэтгүүлийн хуучин байрны ойролцоо хоёр хүн хутгалуулж, хүнд шархадсан хэрэг гарсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ