АНУ-ын Филадельфи хотод эмх замбараагүй байдал үүсчээ

Америкийн Пенсильвани мужийн Филадельфи хотод энэ даваа гарагт хар арьст нэгэн эрийг цагдаа нар буудаж хөнөөснөөс болоод эсэргүүцэл, эмх замбараагүй байдал үүсчээ. Энэ хотод мягмар гарагийн шөнө болсон эсэргүүцлийн ажиллагаанд 1000-аад хүн оролцсон гэх мэдээ байна. Энэ үеэр цагдаагийн 30 ажилтан гэмтэж бэртэж, 91 хүн саатуулагдсан байна. Тэднийг хууль сахиулагчдын тавьсан шаардлагыг биелүүлээгүй, цагдаа нар руу халдсан, хорлон сүйтгэх ажиллагаа, дээрэм тонуул хийсэн хэрэгт буруутгажээ.


Эмх журам сахиулахаар Үндэсний гвардийн хэдэн зуун алба хаагчийг Пенсильвани муж руу илгээсэн тухай мэдээлэл мөн гарсан. Даваа гарагийн өдөр Филадельфи хотын хоёр цагдаа зэвсэгтэй хүн байна гэсэн дуудлагын дагуу очжээ. Гэтэл 27 настай, Уолтер Уоллес гэдэг нэртэй африк гаралтай америк эр цагдаа нар руу дөхөж ирсэн байна. Түүнийг гартаа зэвсэгтэй байсан, зогс гэсэн цагдаа нарын шаардлагыг биелүүлээгүй гэж цагдаа нар баталж байна. Ингээд цагдаа нар түүн рүү гал нээж, хар арьст эр шархаа даалгүй нас баржээ.


Уоллесын эцэг нь хүүгээ сэтгэцийн хувьд асуудалтай, эм уудаг байсан гээд цагдаа нар яагаад галт зэвсэг биш, цахилгаан бороохой хэрэглээгүй юм бэ гэсэн асуултыг хэвлэлийнхэнд тавьжээ.


Энэ хэргийн дараа даваа гарагийн оройноос эхлэн Филадельфи хотод хэдэн зуун хүн цугларсан эсэргүүцэл эхэлсэн юм. Эсэргүүцэгчдийн зарим нь нэлээд түрэмгий хандаж, цагдаа нарын машиныг шатааж, дээрэм, тонуул хүртэл хийж эхэлсэн байна. Мөн тэд цагдаа нар руу халдаж, тоосго, чулуу шидсэн гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас өрсөлдөж байгаа Жо Байден Уолтер Уоллесийн үхэлд цагдаа нарыг зөвтгөх аргагүй ч Филадельфи хотод болсон эмх замбараагүй байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна.


Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Висконсин мужид мягмар гарагийн орой дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ Филадельфид болсон эмх замбараагүй байдлыг өрсөлдөгчтэйгөө холбох гэж оролджээ. Тэрбээр Филадельфид Байденыг дэмжигч радикалууд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, 30 цагдаа шархадсан, Байден босогчдыг дэмжиж байгаа, харин өөрөө хууль сахиулагчдын талд зогсоно гэжээ.


Өнгөрсөн зун 46 настай африк гаралтай америк эр Жорж Флойд цагдаа нарын буруугаас болоод амиа алдсаны дараа АНУ-ын Филадельфи болон бусад хотод эсэргүүцэл дэгдсэн юм. Энэ хүний үхлээс болоод Америкийн нийгэм даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, цагдаа нарын дээрэнгүй үйлдлийн эсрэг тэмцэн жагссан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ