BTS хамтлаг Хятад фэнүүдийнхээ "дургүйг хүргэв"
БНСУ-ын алдарт хамтлаг BTS-ийн гишүүд Солонгосын дайны талаар ярьсан нь хятадуудын дургүйг ихээр хүргэж, шүүмжлэл дагуулсан байна.
Тухайлбал, хамтлагийн гишүүн RM “1950-1953 оны дайнд Өмнөд Солонгос, АНУ хоёр мөр зэрэгцэн тулалдаж, хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулсан” хэмээн ярьжээ. Гэтэл энэ нь Хятадын цахим орчинд асар их шүүмжлэлийн сэдэв болсон аж. Учир нь Бээжин дээрх дайнд Хойд Солонгосын талд орж, байлдаж байсан билээ.
BTS хамтлаг АНУ, Өмнөд Солонгосын найрамдалт харилцааг тэмдэглэх үеэр шагнал авахад RM хамтлагаа төлөөлж үг хэлсэн аж. Тэрбээр “Бид үргэлж хоёр улс мөр зэрэгцэн тулалдаж, тоолохын аргагүй эрчүүд, эмэгтэйчүүдээ алдсаныг мартахгүй” хэмээсэн аж. Гэтэл Хятад дахь шүтэн бишрэгчид нь тэднийг хэтэрхий нэг талыг барьж түүхийг гуйвуулсан үг хэллээ хэмээн ихэд бухимдацгаасан байна.
Улмаар хятадуудын шүүмжлэл BTS хамтлагийн гэрээт компаниудад хүртэл нөлөөлж эхэлжээ. Жишээлбэл, BTS-тэй гэрээтэй ажилладаг Самсунг, Фила, Хьюндай зэрэг компаниудын хуудсууд хятадын цахим сүлжээнээс алга болсон байна. Гэхдээ одоогоор хэн тэдгээр хуудсуудыг арилгасан нь тодорхой бус байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ