АНУ Путинийн саналыг хүлээн авахаас татгалзав
"АНУ стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээг (гурав дахь гэрээ) ямар ч болзол тавилгүйгээр нэг жилээр сунгая гэсэн Оросын ерөнхийлөгч Владимир Путиний саналыг хүлээн авахаас татгалзлаа" гэж Америкийн төрийн тэргүүний үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Роберт O’Брайен мэдэгджээ.
Урьдчилсан болзол тавилгүйгээр гэрээг сунгах нь Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай З дахь гэрээгээр зохицуулагддаг асуудлаар агуулга сайтай хэлэлцээ хийх боломж олгоно гэж Оросын төрийн тэргүүн баасан гарагт мэдэгдсэн юм. Ингэж шийдвэрлэх нь стратегийн тогтвортой байдлыг хэвээр хадгалахыг сонирхож буй орнуудыг ийм гэрээгүй орхихгүй гэж тэрээр хэлсэн байна.
“Цөмийн цэнэгт хушууг нэмэгдүүлэхгүйгээр гурав дахь гэрээг сунгах тухай ерөнхийлөгч Путиний өнөөдрийн санал бол асуудлыг шийдвэрлэх хувилбар биш” гэж О'Брайен Twitter-т бичжээ.
"Цөмийн зэвсгийн санг харилцан царцаасан нөхцөлд гэрээг нэг жилээр сунгахыг Орост нэгэнт санал болгож байсан юм" гэж Цагаан ордон бас мэдэгдсэн байна. Ингэх нь “хоёр талын хувьд ялалт” болно гэж О’Брайен тэмдэглэжээ.
"АНУ зэвсэглэлд хяналт тавих асуудалд нухацтай ханддаг бөгөөд Оросын тал өртөг зарлага ихтэй зэвсэглэлээр хөөцөлдөж эхлэхээс наана энэ асуудлаарх байр сууриа эргэж харна байх хэмээн найдаж байна” гэж тэрээр мэдэгджээ.
АНУ-ын засаг захиргаа цөмийн зэвсгийн нөөцийг харилцан царцаавал Стратегийн давшилтын зэвсэглэлийн тухай З дахь гэрээг “бүр маргааш” ч сунгахад бэлэн байгаа бөгөөд энэ талаар Оросын талтай “зарчмын” тохиролцоонд хүрсэн мэтээр АНУ-ын ерөнхийлөгчийн зэвсэглэлд хяналт тавих асуудал эрхлэсэн тусгай элч Маршалл Биллингсли аравдугаар сард мэдэгдэж байсан юм. Ингэхдээ хэрвээ Вашингтоны засаг захиргаа Оростой байгуулах гэрээнд тактикийн цөмийн зэвсгийг дурдахыг хүсч байгаа бол, эхлээд НАТО-ийн орнуудын нутгаас эдгээр пуужингаа гаргах ёстой гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров онцлон тэмдэглэжээ.
СДЗ-ийн тухай 3 дахь гэрээ нь Орос, АНУ-ын хооронд үйлчилж буй ийм төрлийн цорын ганц баримт бичиг юм. Гэрээний үйлчлэх хугацаа 2021 оны хоёрдугаар сарын 5-нд дуусна. Оросын тал ямарваа урьдчилсан болзол тавилгүйгээр гэрээг сунгахыг зорьж байгаа юм. Харин АНУ-ын засаг захиргаа хэлэлцээнд Хятадыг оролцуулахыг шаардаж байгаа ч, тус улс уг санааг няцааж байгаа билээ.
Дээрх гэрээний дагуу, хоёр талын аль аль нь долоон жилийн дараа зэвсэглэлийн нийлбэр тоо цаашид тив хоорондын баллистик пуужин, шумбагч хөлөг онгоц болон хүнд бөмбөгдөгч нисэх онгоцнуудад суурилуулсан баллистик пуужин 700-аас илүүгүй, цэнэгт хушуу 1550 болон суурилуулсан хийгээд суурилуулаагүй харвах төхөөрөг 800 байх тийм байдлаар цөмийн зэвсгийн нөөцөө хорогдуулах ёстой юм. Мөн гэрээнд цэнэгт хушуу болон зөөгч хэрэгслийн тооны тухай мэдээллийг жилд хоёр удаа солилцож байхаар Орос, АНУ-д үүрэг болгожээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ