Apple компани iPhone 12 загварын ухаалаг утсаа танилцууллаа
Apple компани өнгөрсөн шөнө шинэ iPhone 12 загварын ухаалаг гар утасныхаа хувилбаруудыг танилцууллаа.
Стандарт iPhone 12 хувилбараас гадна жижигрүүлсэн iPhone 12 mini хувилбарыг танилцуулсан бол мэргэжлийн түвшний iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max хувилбаруудыг бас танилцуулсан юм. Эдгээр хувилбарууд нь бүгд үүрэн холбооны 5G сүлжээнд нийцтэй ажилладаг, OLED технологийн дэлгэцтэйгээрээ онцлог болжээ.
Мөн дизайн хийцийн хувьд iPad Pro төхөөрөмжтэй ижил дөрвөлжилсөн металл хүрээтэй болсон байна.
Үндсэн хувилбар болох iPhone 12 нь өмнөх iPhone 11 хувилбараасаа 11 хувиар нимгэн, 15 хувиар жижиг, 16 хувиар хөнгөн болжээ. 6.1 инчийн хэмжээтэй OLED технологийн дэлгэц нь нэг инчэд 460 цэгийг багтаасан нягтралтай, Dolby Vision HDR дүрсний стандарттай. Эх биеийг хөнгөн цагаан материалаар хүрээлж, хоёр талыг нь “Ceramic Shield” технологийн бэхжүүлсэн шилээр бүржээ. Ингэснээр өмнөх загваруудаасаа дөрөв дахин бат бэх болсон гэнэ.
Бас ус, тоосноос хамгаалах стандартыг нь IP68 хүргэж сайжруулжээ. A14 Bionic процессор нь гар утсанд зориулсан анхны 5 nm-ийн чип бөгөөд iPhone 12-ыг хамгийн сайн үзүүлэлттэй Android гар утаснуудаас 50 хүртэл хувиар хурдан болгож байгааг Apple онцолсон байна.
iPhone 12 хувилбар нь ар талдаа 12 MP үндсэн, 12 MP хэт өргөн өнцгийн хоёр камертай. Камерны хурд эрс нэмэгдэж, гэрэл багатай орчинд зураг авах чадвар нь өмнөхөөсөө 27 хувиар сайжирчээ.
iPhone 12 хувилбаруудад шинэ MagSafe систем нэвтрүүлсэн нь эх бие дотор нь байрлах соронзон тогтоогч юм. Үүний тусламжтай гар утасны гэр, хэтэвч, цэнэглэгч зэрэг төрөл бүрийн нэмэлт хэрэгслийг ар талд нь нааж тогтоох боломжтой болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ