Зеленский өөрийнх нь нэр хүнд хэрхэн унасан талаар тайлбарлажээ

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “BBC”-д өгсөн ярилцлагадаа социологийн судалгаагаар, өөрийнх нь нэр хүнд хэрхэн унасныг тайлбарлажээ. 

 

2019 онд Зеленский ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 73 хувийн санал авсан бол, одоо түүний рейтинг  35 орчим хувь байгааг хөтлөгч Стивен Сакур түүнд сануулсан байна. “Та жил хагасын хугацаанд дэмжлэгээ тун их алдчихаж” гэж хөтлөгчийг хэлэхэд Зеленский инээмсэглэн, алга ташжээ. "Хоёр дахь шатны 73 хувь бол Порошенкод оноосон ял байсан юм" гэж Украины удирдагч мэдэгдсэн байна. “Эхний шатанд би ойролцоогоор 33 хувиар ялсан юм. Одоо би мөн ийм л хувьтай байгаа” гэж Зеленский тайлбарлажээ.


"Би хоногт 24 цаг ажиллаж, Украины тусын тулд бүхнийг хийдэг нээлттэй хүн гэдгийг хүмүүс харж байгаа" гэж тэрээр хэлсэн байна. Хэрвээ Донбасст дайныг зогсоож чадахгүй бол огцроход бэлэн байна гэж Зеленский өмнө нь мэдэгдсэн юм.


2019 оны гуравдугаар сарын 31-нд ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Зеленский 30 хувь, Порошенко 15 хувийн санал авч байсан юм. Гурван долоо хоногийн дараа хоёр дахь шатанд тэд 73 болон 24 хувийн санал авчээ. Зеленскийн рейтинг хамгийн их буюу 25,3 хүртэл хувь унасныг энэ зургаадугаар сард мэдээлж байсан юм.



Б.Атар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ