Өнөөдөр уугуул Америкчуудын өдөр


Жил бүрийн 10-р сарын хоёр дахь даваа гаригт уугуул америкчууд буюу индианчуудын өдрийг /Native American Day/ тэмдэглэдэг юм байна.
15-р зууны үед Европчууд Америк тиврүү нүүдэллэж, колончилж эхлэхээс ч өмнө Америк тивийн онгон тансаг хээр тал, ой модонд нутгийн уугуул иргэд амьдарч л байсан бөгөөд энэ нь Канадын хойд хэсгээс Мексикийн булан хүртэл, Атлантын далайгаас Номхон далай хүртэлх бүх газар нутаг билээ. Тэднийг “зэрлэгүүд” гэж үзэх нь их байдаг бол эсрэгээрээ хэдэн мянган жилийн уугуул соёл, амьдралын философитой ард түмэн юм.
Аляскийн Инуитуудаас эхлээд зүүн хойд нутгийн Синейкачууд, өмнөдийн Черокийчүүд, баруун өмнөд нутгийн Навахо омгийнхон гэх мэт өөр соёл, өөрийн хэлтэй хэдэн зуун овгууд амьдарч байсан. Европчуудын Америкийн эрэгт буух үед тивийн хэмжээнд 50 сая гаруй индианчууд амьдарч байсан гэх багцаа тоо байна.
Анх 1968 онд уугуул иргэдтэй холбоотой баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах тухай тогтоолд гарын үсэг зурснаас эхлэн тэмдэглэж ирсэн байна. Анхан үедээ “Америкийн Индианчуудын өдөр” нэрээр тэмдэглэж байсан бол 1998 оноос албан ёсоор амралтын өдөр болгосон байна. Тэгэхдээ муж болгон ижилгүй өдөр биш. Жишээлбэл Невада, Калифорнид 9-р сарын дөрөв дэх баасан гаригт энэ өдрийг тэмдэглэдэг Висконсон, Өмнөд Дакота 10-р сарын хоёр дахь даваад тэмдэглэдэг.
Энэхүү өдрөөр уугуул иргэд өөрсдийн соёл, ёс заншлаа сурталчлан тэмдэглэдэг бол бусад иргэд олон овог аймгуудын онцлог, ялгаатай байдлыг танин мэдэхэд анхааран баярладаг байна.
Америкийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан уугуул иргэд өнөөдөр хотжилт, орчин үеийн иргэншилд уусан шингэж байгаа боловч тэдний байгальтайгаа зохицон амьдрах, дэлхийг шүтэх, эрүүл чийрэг, хурдан шаламгай бие бялдартай амьдарч чадаж байсан бүхнийг үл мартаж, өнөө эринд хүмүүсийн хандлага, дадал болгууштай юм. Тиймээс ч энэ өдөр хэзээд чухал байх болно.
Энэ өдөр өөр өөрийн овгийн уламжлалт хувцас өмсгөлөө бүрэн агсаж танилцуулах, уугуул бүжгээ бүжиж, дуугаа дуулж, хөгжмөө тоглохоос гадна индианчуудын ертөнцийг үзэх үзэл, шашин, байгальтай харьцах ёс дэгээ ч танилцуулдаг байна. Мөн орчин үеийн зарим соёлтой хавсарсан үзүүлэх тоглолтууд ч их болдог.
2010 оны байдлаар АНУ-ын нутаг дэвсгэрт цэвэр Америкийн уугуул болон Аляскийн Инуит үндэстэн 2,9 сая тоологдсон байна. Мөн 2,3 сая хүн өөрийгөө индиан болон өөр ямар нэг үндэстний эрлийз хэмээн бүртгүүлсэн байх бөгөөд энэ хоёр бүлэг нийлээд 5,2 сая болж тоологдож байгаа нь АНУ-ын нийт хүн амын 1,7%-ийг бүрдүүлж байна.



Америк тивд анх хүмүүс ирж суурьшсан замыг их мөстлөгөөс өмнө Ази тив, Америк тивтэй Берингийн хоолой орчимд хуурай газраар холбоотой байх үед ирсэн гэж таамагладаг. Генетикийн судалгаагаар дор хаяж гурван удаагийн их нүүдэл ирсэн бөгөөд эхний ээлж хамгийн багадаа 15,000 жилийн өмнө, магадгүй 30,000 жилийн өмнө ирсэн бол сүүлийн нүүдэл далайн түвшин ихсэж Берингийн хоолой усаар дүүрэхээс өмнө буюу 10,000 жилийн өмнө Аляскаар дамжин очсон бөгөөд цаашид өмнө зүгрүү тархсан гэсэн онол хамгийн бодитой юм.
Хашир Анжигай ингэж хэлэв блог

СЭТГЭГДЭЛ БИЧИХ