Армен, Азербайжаны сайд нар Уулын Карабахт гал зогсоохоор тохиролцжээ

"ОХУ, Азербайжан, Армений гадаад харилцааны сайд нар Москвад зөвлөлдсөнөөр хамтарсан баримт бичиг гаргалаа" гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров твиттерт бичжээ.

 

Түүний дурдсанаар, “олзлогдогсод болон амь үрэгдэгсдийн цогцсыг солилцохын тулд хүмүүнлэгийн зорилгоор” аравдугаар сарын 10-ны 12:00 цагаас гал зогсоохоор тохиролцсон байна. Хоёр тал Европын аюлгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлгийн хоёр даргын зуучлалтайгаар бие даасан хэлэлцээ хийж эхлэх аж.

 

“Гал зогсоох горимыг жич нарийвчилан тохиролцоно” гэж Лавров тэмдэглэсэн байна. Орос, Азербайжан, Армений  гадаад хэргийн сайд нарын мэдэгдэл ОХУ-ын ГХЯ-ны сайтад нийтлэгджээ. Баримт бичгийн дагуу, хэлэлцээний үйл явц өөрчлөгдөхгүй гэдгийг талууд нотлож байна.

 

Есдүгээр сарын 27-нд Уулын Карабахт мөргөлдөөн дахин хурцадсан юм. Армен, Азербайжан хоёр бие биеэ буруутгадаг байна. Энэ үеэр энгийн иргэд амь үрэгдсэнийг мэдээлж байсан билээ.

 

Өмнө нь Оросын удирдагч Владимир Путин Азербайжаны ерөнхийлөгч Ильхан Алиев, Армений засгийн газрын тэргүүн Никол Пашинян нартай утсаар ярьсан юм. Путин хүмүүнлэгийн үүднээс байлдааны ажиллагааг зогсоохыг мөргөлдөөнд оролцогч хоёр талд уриалаад, зөвлөлдөхөөр Москвад ирэхийг урьжээ. Уулзалт аравдугаар сарын 9-нд эхлэж, арав гаруй цаг үргэлжилжээ.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ