Эрдэмтэд нас барагсдын тархинаас коронавирусийн ул мөр илрүүлжээ

"COVID-19"-өөр нас барсан олонхи өвчтөнд задлан шинжилгээ хийхэд тархинаас нь коронавирусийн ул мөр илэрдэг байна. РИА Новости агентлаг "Гамбург-Эппендорфын" их сургуулийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдээллийг иш татан ингэж бичжээ. Тэдний судалгааны ажил ”The Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Эрдэмтэд коронавирусийн халдварын улмаас нас барсан 51-94 хүртэлх насны 43 хүний бие цогцсыг судалж, шинжилсэн байна. Мэргэжилтнүүд тохиолдлын 53 хувиас нь коронавирусийн ул мөр илрүүлжээ. Энэ нь тархины баганын эс болон түүнээс салбарладаг нейронуудаас илэрч байсан аж. Түүнчлэн нас барагсдын 14 хувь нь бас ишемийн голомтот гэмтэл үүсч, харин 86 хувьд нь нейронууд гэмтсэнээс болоод мэдрэлийн эд, эсийг дэмждэг астроцитын хэмжээ ер бусын томорсон байжээ.

 

Гэвч коронавирус тийш нэвтрэн орсноос болоод тархинд гарсан өөрчлөлтийг судлаачид "шалихгүй" хэмжээтэй гэж үзсэн байна. Төв мэдрэлийн системд шууд нөлөөлж гэмтээснийг тэд илрүүлээгүй байна.

 

"COVID-19"-өөр өвчилж, эдгэрсэн өвчтөнүүдэд эмнэлгээс гарсны дараа өвчний хачирхалтай шинж тэмдэг бас хэвээр байдаг аж. Энэ талаар Medicalxpress сайтад бичжээ.

 

Өвчтөнүүдийн ой санамж гэнэт алдагдаж, зүрхний асуудал ажиглагдаж, арьсаар тууралт гарч, хөлний ул халуун оргиж, нүүр, бие бадайрч, үс унаж, үүнээс гадна нойргүйддэг байна. Ийм өвөрмөц шинж тэмдгүүд нь өвчтөнийг эмнэлгээс гарсны дараа хэдэн сарын турш хэвээр байж болохыг онцолжээ.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ