Цагаан ордны албан тушаалтнуудын дунд халдвар тархсаар байна

"Коронавируст цар тахлаар өвдөж, эмнэлэгт гурван хоног эмчлүүлээд гарсан АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын биеийн байдал тогтвортой байна" гэж Цагаан ордны эмч мягмар гарагт мэдэгдсэн. Цагаан ордны тэргүүн ерөнхийлөгчийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед сонгуулийн кампанит ажилдаа эргэн орох төлөвтэй байна. Гэвч түүний ойрын хүрээллийн албан тушаалтнууд дунд коронавирусийн халдвар тархсаар байна.


Тодруулбал, мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн бодлогын ахлах зөвлөх Стефен Миллер, эргийн хамгаалалтын дэд командлагч, адмирал Чарлес Рэй нар коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Адмирал халдвар авсантай холбогдуулж АНУ-ын армийн зарим өндөр албан тушаалтан өөрийгөө тусгаарлахад хүрчээ.


Мөн даваа гарагт Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн шинжилгээний хариу эерэг гарсан тухай мэдээлсэн. Трампын хүрээллийн нийт 10 гаруй хүн халдвар авчээ. Мягмар гарагт ерөнхийлөгч Трамп Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдентай мэтгэлцэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа твиттерээрээ мэдэгджээ.


Харин Байден, "Ерөнхийлөгч Трампын бие бүрэн сайжраагүй байна. Иймд 15-ны мэтгэлцээнийг цуцлах нь зүйтэй" хэмээсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны халз мэтгэлцээн энэ сарын 15-нд болох товтой байгаа юм. Мөн ерөнхийлөгч Трамп Ардчилсан намын санаачилсан коронавирустэй тэмцэхэд нэмэлт санхүүжилт гаргах тухай төлөвлөгөөг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ.


Тэрбээр санхүүжилтийн дүн өндөр байна гэсэн үндэслэлээр Ардчилсан намынхантай хийж байгаа хэлэлцээг зогсоохыг үүрэг болгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ