Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 35 сая 400 мянгыг давлаа
Дэлхийн даяар "COVID-19"-ийн халдвар авсан хүний тоо 35 сая 400 мянгыг даваад байгаа бол нас баралт сая 42 мянгад хүрсэн байна. Харин нийт эдгэрсэн хүний тоо 26 сая 620 саяд хүрлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 249 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 4000-аар нэмэгджээ. Хүн амын дунд халдвар ихээр тархаж байгаа улс орнуудад даваа гарагаас хорио цээрийн шинэ дэглэмүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 10499 шинэ тохиолдол бүртгэгдсэний ихэнх нь Москва хотын оршин суугчид байна. Москвад халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор аравдугаар сарын 5-18-ны өдөр хүртэл ЕБС-иудын улирлын амралтыг эхлүүлжээ. Энэ хугацаанд алсын зайны сургалт зохион байгуулахгүй аж. Түүнчлэн Москвагийн аж ахуй нэгж, байгууллагуудад нийт ажилтнуудынхаа 30 хувийг өнөөдрөөс эхлэн гэрээс нь ажиллуулахыг үүрэг болгоод байгаа аж.
Чехид өнгөрсөн ням гарагийн шөнөөс эхлэн үндэсний хэмжээнд зарласан онц байдлын дэглэм хэрэгжиж эхэллээ. Ерөнхий сайд Андрей Бабишийн засгийн газраас шинэ коронавирусийн халдвар хүн амынх нь дунд ихээр тархаж байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээ авчээ. Онц байдлын дэглэм зарласнаар иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарлах, парламенттай зөвшилцөлгүйгээр шуурхай арга хэмжээ авах эрхийг эрх баригчдад олгосон байна.
Мөн Францын нийслэл Парис болон дагуул хотуудыг нь онц аюултай бүс хэмээн зарлаад байна. Үүнтэй холбоотойгоор Парис хотын захирагч хорио цээрийн шинэ дэглэмүүдийг 15 хоногийн хугацаатайгаар хэрэгжүүлж эхлэхээ энэ даваа гарагт зарлав.
Хоногт хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдэж буй Энэтхэг улсын Дели хотын эрх баригчид энэ сарыг дуустал боловсролын бүх байгууллагын хичээлийг эхлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Уг нь төв засгийн газраас энэ сарын 15-нд Ерөнхий боловсролын сургуулиуд, коллежийн хичээлийг эхлүүлэхийг зөвшөөрөөд байсан юм. Харин халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор мужын эрх баригчдад бие даан шийдвэр гаргах эрхийг олгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ