Т.Сэргэлэн: Найруулагчийн тавьсан шаардлага, үзэгчдийн хүлээлтэд хүрэх нь миний хийх ёстой ажил, давах ёстой даваа
Үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан Анна Каренина жүжиг аравдугаар сарын 3-наас тоглогдож эхлэх аж. Жүжгийн нээлтэн дээр эх жүжгийг бүрэн эхээр нь толилуулсан юм. Нээлтийн дараа их зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” жүжгийн гол дүр буюу Алексей Вронскийгийн дүрд тоглож буй залуу жүжигчин Т.Сэргэлэнтэй ярилцлаа.
-150 жилийн түүхтэй “Анна Каренина” зохиол Монголын театрын тайзнаа анх удаа тоглогдож байна. Төлөвлөгдсөн хугацаанаасаа долоон сарын дараа өнөөдөр анх удаа урьдчилсан байдлаар тоглоход ямар байв?
-Сэтгэл их догдолж байна. Үзэгчид ч мөн өөр өөрсдийнхөөрөө дүгнэж байгаа байх. Уран бүтээлч бидний хувьд төлөвлөсөн хугацаанаасаа олон сарын дараа ингээд үзэгчдийн халуун алга ташилтан дунд жүжгээ нээх энэ мэдрэмжийг юутай ч зүйрлэмгүй сайхан байна.
-“Хайрын виз”, “Би эндээс явахгүй”, “Тэнгэрийн хүү” зэрэг олон сайхан тайзны бүтээлд ажиллаж байсан гэсэн. Алексей Вронский таны хэд дэх гол дүр вэ?
-Би СУИС-ийг 2014 онд Л.Дэмидбаатар багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн. Багшаараа маш их бахархдаг. “Хайрын виз”, “Би эндээс явахгүй”, “Тэнгэрийн хүү” зэрэг тайзны арваад уран бүтээлд тоглосон. Харин Алексей Вронский бол миний гурав дахь гол дүр.
-Энэ том зохиолын гол дүрд олон залуу жүжигчдээс шигшигдэн тоглох хүндтэй үүргийг хүлээсний хувьд ямар мэдрэмж төрж байна вэ?
-Залуу уран бүтээлчид, тэр тусмаа ид насанд жагсах эрэгтэй жүжигчин бүрийн сонирхох дүр болов уу гэж бодож байгаа. Тиймээс Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаж байгаа үе тэнгийн залуусынхаа ур чадварын түвшинд хүрч, дүрээ гаргахыг хичээсэн. Найруулагч маань надад итгэсэн учраас энэ дүрийг өгсөн байх гэж боддог.
-Таны хувьд “Анна Каренина” зохиолын дурлалт залуу Алексей Вронскийтой зан чанарын хувьд адил төстэй зүйл бий юү. Вронскийг буруутгах хүн олон байдаг бол хайрламаар зүйл нь таныхаар юу байв?
-Алексей Вронскийгийн юуг нь хайрлаж байна гэдгийг хэлэхэд хэцүү юм. Гэхдээ ээж болон гэр бүлийнхээ нэр төр , үнэт зүйлстэй зөрчилдөн байж хайртай бүсгүйгээ өөрийн болгох гэж тэмцсэн хэрнээ эргүүлээд тэр бүгдийнхээ ард гарч чадаагүй нь хайран бас хайрламаар юм болов уу. Харин өөртэй минь төстэй зан чанар нь шулуун шударга байдал. Энэ зан чанараараа төстэй учраас ажиллахад амар байна.
-Үзэгчдэд хүлээлт үүсэхийн хэрээр жүжигчинд их хариуцлага ирж таарна. Дүрээ өөрийн болгохын тулд хүндрэл бэрхшээлүүдтэй их тулгарсан болов уу?
-Ер нь зохиолыг уншсан хүн бүхэн өөрийнхөө дотор Алексей Вронскийг бүтээчихсэн байгаа. Анна Каренина гэдэг гэр бүлтэй, ёс журамтай эмэгтэйг өөртөө дурлуулах хангалттай хэмжээний дотортой жүжиглэлтийг гаргана гэдэг маш өндөр хариуцлага шүү дээ. Тэгэхээр найруулагчийн тавьсан шаардлага, үзэгчдийн хүлээлтэд хүрэх нь миний хувьд хийх ёстой ажил, давах ёстой даваа. Харин үзэгчдийг сэтгэл дундуур үлдээчих вий дээ гэсэн л багахан айдас төрж байна. Эр хүн бүр эмэгтэй хүнийг өөртөө татах онцгой чанартай. Энэ дүр эрэгтэй хүн байх бүх чанарыг надаас хүсч байгаа.
-“Энэ зохиол хүний амьдралын үе шат, нас насанд өөрөөр уншигддаг” гэж найруулагч Н.Наранбаатар хэлж байсан. Таны хувьд зохиолоо анх уншихад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Би “ямар өрөвдмөөр юм бэ?” гэж бодож байсан. Жүжиг “Хожмын тавилан таарвал хоёулаа уулзъя” гэсэн өгүүлбэрээр төгсдөг. Үүнээс харахад хүн амьдралыг босгох гэж тэмцэж явсны эцэст хайр гэдэг зүйлд бүхнээ алдаж болдог. Хайрыг онохын тулд маш их хүч хэрэгтэй юм байна. Гэтэл тэр их хүчийг гаргасан хэдий ч онож чадаагүй болохоор Анна Каренинаг өрөвдөж, хайрламаар л санагдсан.
-Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хайрыг нэг төрлийн өвчин гэж нэрлэсэн. Мөн дурлал бол ядуусын өвчин ч гэдэг. Тэгвэл энэ уран бүтээлд тоглосноор таны хайр дурлалын талаарх бодол өөрчлөгдсөн үү?
-Би зүрх сэтгэл, хайр дурлал, нэгнийгээ хүсэх хүсэл, гэр бүл энэ бүгдийн талаар огт яримааргүй байна.
-Яагаад?
-Хэн ч хайр дурлалын тухай хэчнээн уран сайхнаар тайлбарлаад ярьж болно л доо. Харин түүнийг үйлдлээрээ илэрхийлэх нь илүү бодитой болов уу. Анна Каренина гэх эмэгтэйг ойлгох тусам гоё сайхан үг, үнэтэй бэлэг, нэг нэгнийгээ хүсэх хүсэл бүгд онц биш санагддаг болчихсон шүү. \инээв\
-Т.Сэргэлэн гэдэг хувь хүн Алексей Вронский болж өөрчлөгдөхөд хэр их хүч хөдөлмөр шаардагдаж байна?
-Сурах юм маш их. “Чи сайхан залуу байх ёстой, чи сайн жүжиглэх ёстой” гээд олон хийх ёстой зүйлсийнхээ дунд маш их юмыг сурч байна. Сонгодог жүжигт тоглоно гэдэг бол нэг ёсны сорилт. Хэрвээ би энэ сорилтыг давж чадахгүй бол жүжигчний хувьд карьер минь дуусна. Яг ангалын ирмэг дээр байгаа л гэсэн үг. Тиймээс бүх зүрх сэтгэлээрээ би Алексей Вронскийг танихыг хичээсэн.
-“Бусдын хувийн амьдралд нийгмээрээ хошуу дүрж эцэст нь тухайн хүнийг ангал руу түлхдэг одоогийн энэ гажуудлыг агуу зохиолч Л.Н.Толстой тэртээд олж харсан байгаа юм” гэж найруулагч Н.Наранбаатар хэлсэн. “Анна Каренина” жүжгээс үзэгчид ямар санаа аваасай гэж бодож байна?
-Найруулагчийн хэлсэн шиг үзэгчид маань бие биенийхээ амьдралыг битгий дүгнээсэй, шүүгээсэй л гэж хүсч байна. Дашрамд хэлэхэд, аравдугаар сарын 3-наас арваннэгдүгээр сарын 1-н хүртэл манай жүжиг тоглогдоно. Ирж үзээд, өөр өөрсдийнхөө Анна Каренина, Алексей Вронскийг олж хараарай гэж хэлмээр байна.
С.Лхамсүрэн
Эх сурвалж: Өдрийн сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ