Алексей Навальный эх орноосоо урвасан хэргээр ял авна
Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, Улсын думийн дарга Вячеслав Володин нар сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг өрнөдийн тусгай албадын талд ажилладаг гэж буруутгасан байна. Германы “Шпигель” сонинд тэрээр ярилцлага өгч, өөрийг нь хордуулах ажиллагааг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зохион байгуулсан хэмээн мэдэгдсэн нь төлөөлөгчид тайлбар хийх шалтаг болжээ. "Би ноён Песковыг шүүхэд өгнө, улс төрийн тэмцлээ үргэлжлүүлэхийн тулд Орост заавал буцаж очно" гэж Навальный хэлсэн байна.
Элдвээр буруутгаж байгаа ч, улсын думын сонгуульд үргэлжлүүлэн бэлтгэж байгаа хэмээн түүний талынхан ярьж байгаа юм. Гүтгэн гүжирдэж, эх орноосоо урвасан зүйл ангиар Навальныйд эрүүгийн хэрэг үүсгэх бүрэн магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
Сөрөг хүчний төлөөлөгчийн мэдэгдэлд Улсын Думийн дарга Вячеслав Володин эхэлж хариу өгчээ. “Алексей Навальный бол ичгүүргүй амьтан бөгөөд нисэгчид, эмч нараас ерөнхийлөгч хүртэлх бүх хүн түүнийг чин сэтгэлээсээ аварсан юм” гэж Володин мэдэгдсэн байна.
“Орост түгшүүртэй байдал бий болгож, Беларусын бүрэн эрхт байдлыг хамгаалах боломж олгохгүй байх” тийм нөхцөл байдлыг өрнөдийн орнууд зохион байгуулсан. Харин ноён Навальный өөрөө “өрнөдийн орнуудын тусгай албад болон төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг нь тодорхой юм” гэж Володин үзэж байна.
Дараа нь тусгай албадын тухай мэдээллийг ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбарлажээ. Эрх баригчдад байгаа мэдээнээс үзвэл, АНУ-ын Тагнуулын төв газрын (ТТГ) мэргэжилтнүүд Навальныйтай ажиллаж, түүнд янз бүрийн зааварчилгаа өгч байгаа бөгөөд энэ нь анх удаа биш юм гэж тэрээр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа нь “огт үндэслэлгүй, байж болшгүй, гутаан доромжилсон, хүлээн авах аргагүй” зүйл юм гэж Песков хэлжээ. Тэрээр “өөрийгөө төрийн тэргүүнтэй нэг зиндаанд тавихыг хүсч байгаа” бөгөөд ингэхдээ тэр улс төрийн тэмцэлд түүний бодитой өрсөлдөгч биш юм гэж онцлон тэмдэглэжээ.
Ноён Навальный Орост буцаж ирэх нь аюултай биш гэж үү? гэсэн асуултад Дмитрий Песков өмнө нь хариулахдаа, “Оросын аливаа иргэн эх орондоо буцаж ирж болно. Энд ямар ч баатарлаг явдал гаргах шаардлагагүй” гэж дурдсан юм.
"Навальный буцаж ирвэл наад зах нь эх орноосоо урвасан болон гүтгэн гүжирдсэн хэргээр эрүүгийн хоёр зүйл ангиар ял сонсох нь баталгаатай юм" гэж улстөр судлаач Евгений Минченко хэлсэн байна.
Мөн "Алексей Навальный эмчилгээгээ дууссаны дараа Орост буцаж ирэхгүй. Тэр зарчмын хувьд эргэж ирж чадахгүй. Учир нь одоо гадагш гарч явахгүй байх бичигт гарын үсэг зурсан байж таараа" гэж улстөр судлаач Матвейчев бас үзэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ