Уулын Карабахт болсон мөргөлдөөний үеэр 84 хүн амь үрэгджээ

Хүлээн зөвшөөрөгдөөгүй БН Уулын Карабах Улсын батлан хамгаалах яам бүс нутагт мөргөлдөөн хурцадсанаас хойш алагдсан цэргийн албан хаагчдын тухай мэдээллийг тодруулжээ. РИА Новости агентлаг энэ тухай мэдээлсэн байна.

 

Ийнхүү 26 хүн амь үрэгдсэн тухай мэдээ даваа гарагийн орой гарсан юм. Харин одоо цэргийнхний дунд амь үрэгдэгсдийн тоо 84 болсон байна.

 

Армений олон нийтийн телевиз Мартакертын эмнэлгийн төвийн мэдээг иш татахдаа, эсрэг талын зүгээс буудсаны улмаас есөн настай жаал хүү амь үрэгдэж, түүний ээж шархадсан ч амьд гарсныг мэдээлжээ. Машинаар явж байхад нь буудсаны улмаас нэг айлын таван хүн эмнэлэгт хүргэгдсэнийг Интерфакс агентлаг уламжилсан байна.

 

Есдүгээр сарын 27-нд Уулын Карабахт мөргөлдөөн эхэлсэн юм. Армяны хүчин манай талын байрлал болон зааглах шугам дахь суурингуудыг буудсан гэж Азербайжан мэдээлээд, сөрөг давшилт хийж эхэлснээ зарлажээ. Азербайжан Арцахт (Армени улс Уулын Карабахыг ингэж нэрлэдэг юм) халдсан гэж Армений тал мэдэгдсэн байна.

 

Хүн амын олонхи нь армян үндэстэн байсан Уулын Карабах 1991 онд Азербайжанаас тусгаарласнаа зарласан юм.  Ингэснээр Азербайжаны тал бүс нутгийг хүчээр буцаан авахыг оролдож, улмаар дайн дэгджээ. 1994 онд Азербайжан, Армени, Уулын Карабах Оросын зуучлалтайгаар гал зогсоох тиухай протколд гарын үсэг зурсан юм.  Гэвч цэргийн ажиллагаа үе үе болдог байна.

 


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ