Уулын Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэнэ
Армений засгийн газар Уулын Карабахын тусгаар тогтнолыг тус улс хүлээн зөвшөөрөх асуудал хэлэлцэх бодолтой байгааг ТАСС агентлаг мэдээлжээ.
Ерөнхий сайд Никол Пашинян парламентад үг хэлэхдээ, Арцахын тусгаар тогтнорлыг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Ингэхдээ үйл явдлын өрнөлтийн бүх хувилбарыг хэлэлцэж байгаа ажээ.
Пашиняны хэлснээр, одоо зааглах бүх шугамын дагуу тулаан болж байна. Армени, Азербайжаны аль аль нь чамгүй хохирол амсаж байгаа аж. Карабахт олон арван энгийн оршин суугч шархадсан тухай өмнө нь мэдээлж байсан юм. Ирж буй мэдээнээс үзвэл, бүх томхон болон олон жижиг сууринд дрон хэрэглэн, их буугаар бууджээ. Степанакерт хотод л гэхэд үүнд арав гаруй хүн, түүний дотор хүүхэд, эмэгтэйчүүд өртсөн байна.
Армений эрх баригчид тус оронд дайны цагийн байдал тогтоожээ. Азербайжаны цэргийн албан хаагчид Уулын Карабахын чиглэлээр давшиж байгааг ерөнхий сайд Никол Пашинян мэдээлсэн байна. Азербайжаны тал суурин газрууд, тухайлбал Карабахын нийслэл Степанакертыг бууджээ.
Армений зэвсэгт хүчин Карабах дахь хоёр талын залгаа шугам дахь суурингуудыг буудсан тухай Азербайжаны батлан хамгаалах яам бас мэдэгдсэн байна. Тус яамны мэдээлснээр, миномёт болон том калиберын буугаар гал нээжээ. Энгийн хүмүүс алагдаж, шархадсаныг тус яам дурдаж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ