Франц: Бид исламын террористуудын эсрэг дайныг хэзээ ч зогсоохгүй
Парис хотод “Charlie Hebdo” сэтгүүлийн хуучин байрлаж байсан газрын ойролцоо хүмүүст халдсаныг террорын ажиллагаа гэж үзсэн байна. “Энэ нь исламын террорын ажиллагаа болох нь эргэлзээгүй юм” гэж Францын ДХЯ-ны тэргүүн Жеральд Дарманен мэдэгдээд, “бид исламын террористуудын эсрэг дайныг хэзээ ч зогсоохгүй” гэж хэлснийг телевизийн BFM суваг уламжилжээ.
Одоогийн байдлаар хэв журам сахиулагчид долоон сэжигтнийг саатуулаад байна. Халдлагыг баасан гарагт Парис хотын XI тойрогт хошин шогийн “Charlie Hebdo” сэтгүүлийн газрын хуучин байрны ойролцоо үйлджээ. Үл таних этгээд мах эвддэг хутга барин хүмүүст халдсан байна. Хоёр хүн шархадсан нь “Premieres Lignes” агентлагийн сэтгүүлчид байжээ. Одоо тэд эмнэлэгт байгаа аж.
Гол сэжигтэн болох Пакистанаас гаралтай 18 настай залууг Бастилийн талбайд саатуулсан байна. Түүний хувцасан дээр цусны толбо байжээ. Тэрээр мөн үйлдсэн хэргээ хүлээсэн байна. Үүний дараа цагдаа нар бас хэд хэдэн хүнийг саатуулжээ. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ