Загварын трэндээс ХАСАГДАЖ буй хувцаснууд

Ямар загварын хувцсыг хэзээ, хэрхэн хослуулж өмсөх нь аливаа хүний дур хүсэл болон өөрийгөө илэрхийлэх ур чадвартай холбоотой байдаг ч загварын салбарын "томчууд" хувцас загварын трэндийг жил түр тодорхойлж, ихэнх залуус түүнийг нь дагадаг нь нууц биш. Тэгвэл энэ жилийн хувьд ямар загварын хувцаснууд трэндээс хасагдаж буйг танилцуулъя. 

ХАТГАМАЛТАЙ ХУВЦАС

2-3 жилийн өмнөөс л хатгамалтай хувцас моодонд орсон. Өмд, гутал, цүнх, цамц, футболка гээд хатгамал хадаж, нааж болох бүхий л газраа чимдэг байсан үе саяхан. Харин одоо энгийн, цэвэрхэн загвартай хувцаснууд моодонд орж байгаа тул хатгамалтай хувцаснуудад түр баяртай гэж хэлэх цаг иржээ. 

ТОРГОН ДААШИНЗ

Нарийн мөртэй, бие барьсан, торгомсог материалтай даашинз эмэгтэй хүний биеийг илүү туяхан, хайр татам харагдуулдаг учир бараг л бүх эмэгтэйчүүд онцгой үйл ажиллагаа, хүлээн авалтууд дээр энэ төрлийн даашинзаар гоёж байсан. Гэвч энэ загварын даашинзыг бид хаа саагүй харах болсон тул залхаад эхэлсэн бололтой.

ТОМ ПҮҮЗНҮҮД

Залуус "Ugly sneakers" буюу том хэмжээтэй пүүзийг ямар ч хувцастай хослуулан өмсдөг байсан ч мөн л моодноос гарчээ. Бага ангидаа голоод өмсдөггүй байсан пүүз шиг загвартай "том" пүүзнүүд бидэнтэй хоёр зуны туршид хамтдаа байсан бол энэ жилээс энгийн хэмжээтэй, спортлог гутал болон шаахайнууд моодонд орж байна. 

ЖИЙНСЭН ИРТҮҮЗ

Жийнсэн өмд өмсөхөд бие барьж, хөдөлгөөн хязгаарладаг учир жийнсэн мэт иртүүз нэлээн хэдэн жилийн турш охид бүсгүйчүүдийн өмсөх дуртай хувцас байсан. Гэвч энэ төрлийн бариу өмд өмссөн хүмүүсийн биеийн өө сэв тодорч, хувцаслалтдаа анхаарал хандуулаагүй мэт харагдуулдаг гэж үзэх болжээ. 

НЕОН ӨНГИЙН ХУВЦАС

Неон өнгийг хувцаслалтынхаа ерөнхий өнгөөр сонгох трэнд аль хэдийнэ хуучирсан. Харин энэ төрлийн өнгийг хувцаслалтынхаа аль нэг хэсэгт л шигтгэж өгвөл сайхан харагдах болно. 

ҮСЛЭГ ШААХАЙ

Сүүлийн 2-3 жилийн турш олон ч алдартнууд үслэг шаахайгаар гоёсон доо. Өмссөн эзнээ тансаг хэрнээ эгдүүтэй харагдуулж чаддаг эдгээр шаахайнуудыг одоо үед "гоёмсог бус" гэж үзэх болжээ. 

КОРСЕТОН БҮС

Корсетон бүс анх трэнд болж байх үедээ хүн бүрийн анхаарлыг татаж байсан билээ. Аливаа хувцсан дээр зүүхэд маш өвөрмөц хэр нь загварлаг харагддаг энэхүү бүс ихэнх охидын шүүгээнд байх болсноор гоёмсог байдлаа алдсан гэж хэлж болно.

СҮЛЖМЭЛ ДААШИНЗ

Сүлжмэл өмд, цамц л өмсдөг байсан бидэнд сүлжмэл даашинз яах аргагүй цоо шинэ мэдрэмж төрүүлж байсан. Гэвч биеийг тань илүү тарган харагдуулахын сацуу трэндээс хасагдсан тул чухал үйл ажиллагаандаа өмсөөд хэрэггүй л болов уу. 

ГЭРЭЛТДЭГ ГУТАЛ

Харахад шинэлэг, ирээдүйг зөгнөсөн мэт харагдах ч энэ төрлийн гутлыг тэр бүр өмсөөд хэрэггүй гэж зөвлөж байна. Охид бүсгүйчүүдийн хөлийн жинхэнэ гоо үзэсгэлэнг харуулахаар зохион бүтээгдсэн энэхүү гутал хөлд тийм ч таатай мэдрэмж төрүүлдэггүй бөгөөд агаар солилцох боломжгүй учир цантаж эхэлдэг. Тиймээс эн гутлыг өмсөөд олны дунд сайхан харагдахаас илүүтэйгээр эвгүй мэдрэмж л төрөх болно.

БЭЛХҮҮС ГАРДАГ НООСОН ЦАМЦ

"Cropped sweaters" буюу бэлхүүс гардаг ноосон цамцыг халуун эсвэл хүйтэн үеийн алинд нь ч өмсөхөд тохиромжгүйн дээр тийм ч үзэмжтэй эд биш учир трэндээс хасагджээ. 

Дээр харуулсан 10 загварын хувцас энэ жилийн трэндээс хасагдсан ч хувцасны шүүгээнээсээ шуудхан гаргаад хаячихаарай гэж хэлсэн юм биш шүү. Мэдээж донжийг нь олоод өөр загварын хувцаснуудтай хослуулаад өмсчихвөл гайхалтай харагдах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ