АНУ Лукашенког Белорусын ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн үзэхгүй байна

Америкийн засаг захиргаа Александр Лукашенког Белорусын ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байна гэж Төрийн департаментын төлөөлөгч лхагва гарагт мэдэгджээ. Түүний хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурдсан байна.
 
Тус улсад “чөлөөт, шударга сонгууль болсонгүй” гэж төрийн департаментын төлөөлөгч үзэж байна.

“Зарласан дүн нь будлиантай болж, сонгууль хууль ёсны болоогүй юм. АНУ Александр Лукашенког тус орны хууль ёсоор сонгогдсон удирдагч хэмээн үзэж чадахгүй”.  Төрийн департаментын төлөөлөгч лхагва гарагт болсон Лукашенкогийн тангараг өргөх ёслолыг тайлбарлахдаа ингэж хэлжээ.

Лукашенкогийн тангараг өргөх ёслол Минскийн Тусгаар тогтнолын ордонд болсон бөгөөд ёслолыг товыг урьдчилан зарлаагүй байна. Төрийн тэргүүн ёслолын явцад ард түмний төлөө үнэнчээр хүчин зүтгэж, тус улсын Үндсэн хуулийг сахиж, хамгаалахаар тангараглаж, түүнчилэн тус оронд өнгөт хувьсгал дампуурсан тухай мэдэгдсэн байна.

Герман, Словак, Литва, Латви, Эстоны эрх баригчид  Лукашенко тангараг өргөсний дараа түүнийг Белорусын ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.

Белорусын ерөнхийлөгчийн сонгууль наймдугаар сарын 9-нд болсон юм.  Үүнээс хойш сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй байгаа сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагаа тус оронд үргэлжилж байгаа билээ. Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, Лукашенко 80,1%-иар ялжээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ