COVID-19-ийн эсрэг вакциныг чинээлэг, буурай улсуудад ижил тэгш хуваарилна
Коронавирусийн эсрэг вакцины эхний хэсгийг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хуваарилах төсөлд дэлхийн 156 улс нэгдэж байгааг өчигдөр зарлажээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага оролцож буй Covax нэртэй энэ төсөл нь коронавирусийн эсрэг вакциныг баян чинээлэг, ядуу буурай улсуудад ижил тэгш хуваарилах зорилготой юм.
Одоогоор дэлхийн өндөр орлоготой 64 улс Covax-д нэгдээд байна. Үүнд дэлхийн 35 улсаас гадна Европын Холбооны гишүүн 27 орон дээр нэмээд Норвеги, Исланд улсууд багтжээ. Ойрын өдрүүдэд дундаас дээш орлоготой 38 улс орон нэмж нэгдэх төлөвтэй байгаа гэнэ.
Covax төслийн хүрээнд эхний ээлжинд 2021 оны эцэс гэхэд оролцогч улс бүрийн хүн амын гурван хувийг вакцинжуулах гэнэ. Дараа нь үүнийг ахиулсаар 20 хувьд хүргэх зорилт тавьжээ. Энэхүү 20 хувьд тухайн улс бүрийн эмнэлгийн ажилтнууд, өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс зэрэг хүн амын эрсдэлтэй бүлгийнхнийг хамруулах аж.
Женевт даюаа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус уг төслийн талаар танилцуулжээ. Тэрбээр "Covax төсөл нь аль нэг улсын бүх хүн амыг вакцинжуулах бус, бүх улс орны эрсдэлтэй хэсгийг вакцинжуулах” зорилготойг тайлбарласан юм. Вакцин бол өрсөлдөөн биш, хамтын ажиллагаа бөгөөд ийм аргаар коронавирусийн цар тахлыг богино хугацаанд хяналтад оруулах боломжтойг тэрээр дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ