Дэлхийн нэг номерийн аюул коронавирус хяналтаас гарч байна гэж мэдэгдэв

     Коронавирусийн дэгдэлт хяналтаас гарч байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байна. 

   “COVID-19-ийн цар тахал бол бидний амьдралын нэг ч хямралтай адилгүй тийм хямрал юм” гэж тэрээр онцолжээ. 

Удахгүй хүн төрөлхтөн коронавирусээс болж  нэг сая дахь хүн амиа алдсан тухай мэдээг сонсох болно гэж ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглээд,  цар тахлыг дэлхий нийтийн шинжтэй “нэг номерын” аюул хэмээн тодорхойлжээ. 

   Олон хүн вакцинд найдлага тавьж байгаа ч, цар тахлаас аврах шидэт саваа байхгүй гэж Гутерреш хэлсэн байна. Вакцин нь хямралыг зүгээр л  аяндаа арилгачихгүй гэж тэр онцлон тэмдэглэжээ.

   “Гэвч вакциныг нийтийн хүртээл болгох хэрэгтэй.

Учир нь COVID-19-д хил хязгаар гэж байхгүй. Тийм учраас л боломжийн үнэ өртөгтэй, хүртээмжтэй вакцин бидэнд хэрэгтэй” гэж ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн байна.

    Өвчинтэй тэмцэх арга хэрэгслийг үлэмжхэн өргөжүүлж, ялангуяа ирэх 12 сарын туршид эмчилгээг улам бүр чамбайруулахыг тэрээр уриаллаа. 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ