Орос улс Навальныйн асуудлаар Европын холбоонд асуулга тавьжээ

Европын Холбоонд (ЕХ) суугаа Оросын байнгын төлөөлөгчийн газар Алексей Навальныйд тохиолдсон явдалтай холбогдуулан Өрнөдийн зүгээс ОХУ-ыг буруутгаж байгаа тухай есөн асуултыг Европын парламентын депутатуудад тавьсан байна. Оросын төлөөлөгчийн газрын сайтад тавигдсан тайлбар өгүүлэлд ингэж дурджээ.

 

“Хордлого судлалын шинжээчид биш ч гэлээ бид энэ хэрэгт өөр хоорондоо үл авцалдах олон асуудал байгаад та бүхний анхаарлыг хандуулах хэрэгтэй болов уу хэмээн үзэж байна” гэж тайлбар өгүүлэлд бичжээ.

 

Оросын эрх баригчид яагаад хагас сая хүн амтай өөрийн хотод байлдааны зориулалт бүхий бодисоор Навальныйг “хордуулж”, дараа нь түүний амь насыг аврахын тулд боломжтой бүхнийг хийж, улмаар “Новичок” хэмээх бодис юу болохыг ялгаж салгаж чадах Германд түүнийг эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн вэ. 

 

Бие даасан Левада-төвийн саяхны судалгаагаар, Орост Навальныйн нэр хүнд хоёр хувиас хэтрэхгүй байгааг харгалзан үзвэл, Оросын эрх баригчид түүнийг “хордуулах” учир юу билээ гэсэн хоёр дахь асуултыг байнгын төлөөлөгчийн газарт тавьжээ.

 

Түүнийг хордуулсан гэдэгт итгэлтэй байгаа юм бол Германы засгийн газар яагаад хор судлалын шинжилгээний дүнг Оросын талд зарлахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжгүй хэвээр байна. Эмчлүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр л нотлох баримтыг Орост өгнө гэсэн нь Навальныйг бүр ухаангүй, унтаа байдалд байхад Германд хийсэн улс төрийн олон мэдэгдэлтэй авцалдахгүй байгааг дипломатчид онцлон тэмдэглэжээ.

 

Өрнөдийн мэргэжилтнүүд болон НАТО-ийн шинжээчид “Новичок” хэмээх хорт бодистой холбоотой химийн бодисыг хэдэн жилийн туршид гаргаж авч, тухайлбал АНУ-д ийм бодисуудыг хэрэглэх 150 гаруй патент олгосон баримтыг үгүйсгэж байгааг байнгын төлөөлөгчийн газар онцлон анхааруулсан байна.  Энэ хорт бодисыг ЗСБНХУ-д хийсэн гэдгийг яагаад газар сайгүй зарлаж байгааг дипломатчид сонирхжээ.

 

Навальныйг “Charite” эмнэлэгт хүргэх замд яагаад цагдаа нар болон тусгай албаны төлөөлөгчид дагалдан явсан бэ гэсэн бас нэг асуултыг байнгын төлөөлөгчийн газар тавьж байна. Аюулгүй байдлыг хангах онцгой арга хэмжээ авч,  эмчлүүлэгчийн биеэс хорт бодисыг “илрүүлэхээс” бүр өмнө дээрх эмнэлгийг аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байгууллага болгосон юм бол гэж Оросын диплолматчид  бас лавлажээ.

 

“Тэгэхээр энэ нь Москвад ч, Омск хотод ч мэдээгүй ямар нэг зүйлийг Германы тал мэдэж байсан хэрэг үү?  Омск хотын эмнэлэгт биохимийн 60 гаруй шинжилгээ хийж, үүнээс нэг нь ч хордлогын ямар ч шинж тэмдэг илрүүлээгүйг тэмдэглэвэл зохино” гэж байнгын төлөөлөгчийн газар онцолсон байна.

 

Нисэх онгоцоор явж байх үед нь Навальныйн бие гэнэт муудсан учир, түүнийг наймдугаар сарын 20-нд Омск хотын эмнэлэгт хэвтүүлсэн юм. Ийнхүү эмч нар түүнд шинжилгээ хийснээр, бодисын солилцоо алдагдаж, цусан дахь сахарын хэмжээг эрс ихэсгэсэн байна гэсэн гол онош тавьжээ. Чухам ийм онош тавих шалтгаан нь тодорхойгүй ч, өвчтөний биеэс хор огт илрээгүй байна.

 

Хоёр өдрийн дараа Навальныйг Берлинд аваачиж, үүний дараахан ХБНГУ-ын засгийн газар цэргийн эмч нарын хэлснийг иш татахдаа, байлдааны зориулалт бүхий “Новичок” хэмээх хорт бодисын өөр нэг төрлөөр өвчтөнийг хордуулжээ хэмээн мэдэгдсэн юм.

 

Германы шинжээчдийн дүгнэлтийг Швед, Францын лаборатори нотлосныг Германы засгийн газар өмнө нь мэдээлсэн байна. Германы тал өөрийн дүгнэлтийн талаар ОХУ-д мэдээлээгүй гэж үүнтэй холбогдуулан Кремль мэдэгдэж, харин Орос улс албан ёсны асуулгадаа Германаас хариу ирэхийг хүлээж байна гэж ГХЯ онцлон тэмдэглэсэн юм.

 

Германы тагнуулын BND алба 1990-ээд оноос байлдааны зориулалт бүхий “Новичок” хэмээх хордуулагч бодисыг мэдэж байсныг ХБНГУ-ын эрх баригчид үгүйсгэхгүй байгаа ажээ. Эмчлүүлэгчийн бие дээрдэж, түүнийг унтаа байдлаас гарган, хиймэл амьсгалын аппаратыг нь салгасныг “Charite” эмнэлгээс есдүгээр сарын 7-нд мэдээлсэн юм.  Өчигдөр Навальный  нийгмийн сүлжээнд өөрийн гэрэл зургийг тавьж, урьд өдрийн турш бие даан амьсгалж чадаж байснаа хэлжээ.

 

 

 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ