А.Цэгмэд: Хойшид залуус минь амьдралын буруу дадал, замбараагүй байдлаа уран бүтээл дээр цухуйлгаж болохгүй шүү

“Эхиймаа” кинонд дүр бүтээсэн ахмад жүжигчин А.Цэгмэд тус кинонд шүүмжлэлтэй хандаж, өөрийн цахим хуудаснаа сэтгэгдлээ бичжээ. 

Жүжигчин А.ЦЭГМЭД:

-Өглөө эртийн мэнд ээ. "Эхиймаа" уран сайхны киноны нээлтээс хойш бодон бодон энэ постыг оруулъя гэж шийдэв. Залууст буурал миний үг хэрэг болж юу магад вэ гэж.

Миний ажилласан санхүүгийн хилс хэргээр шоронд орсон Насанжаргал эмгэн өөрөө хууль судалж, хэргээ задлаад, бие нь муудан, маргааш нь суллагдаж гарахын өмнө нас бардаг /Нэг камерынхны дурсамж яриагаар/. Харанхуй газарт цэцэг тарьдаг хүмүүст тусалдаг, хайр хүрэм эмгэн гэж зохиолд шигтгэж, 44 сцен буюу 44 удаа дурангийн өмнө хоног тоолон хөдөлмөрлөөд, киноны нээлтээ сэтгэл хөдлөн үзсэн ч маш сэтгэл гонсгор, дутуу гарснаа нууж чадсангүй ээ!

Өршөө! Уг нь гол дүр шахуу юм байлаа. Сцений тооны хувьд гэтэл ороод л гардаг дүрүүдээс ч дорд дүрс нь постерын зурганд ч алга болон арчигджээ. Мөнгө гэж хүчтэй, утга агуулга энэ нийгэмд тод зодсоор л, хаана ч хэзээ ч  шударга бус! Хэрэв кинонд 29 сцений хөдөлмөр орох байсан бол яах гэж хогийн тантан руу уран бүтээлчдийн хүч цаг, сэтгэл шингэсэн агшин, нус нулимс, баярыг булшилсан юм бэ? Үүнд хэний, юуны хандлага шийдэл ордог юм? Үр ашиггүй энэ мэт зардал, цаг зав үрсэнд, хайнга хандах утга авцалдаагүй эвлүүлэг монтажаас болж ганц энэ бүтээлд ч, бас олон олон кинонд давтагдаж, киноны чанарт нөлөөлж байсныг буурал би ахмадын хувьд дуугарах цаг нь болжээ гэж үзээд үүнийг үзгэлмой!

"Эхиймаа" уран сайханы кино богино хэмжээний бүтээл мэт болжээ гэсэн зарим үзэгчийн саналтай би санал нэг байна. Хойшид залуус минь амьдралын буруу дадал, замбараагүй байдлаа уран бүтээл дээр цухуйлгаж болохгүй шүү. Надад өгсөн дүрийг гол дүрийн жүжигчин Алдармаа анх хэлэхдээ "Энэ бол надад тусалсан бодит эмгэний дүр юм шүү" гэж хэлж байсныг би тодоор зүрхэндээ хийж, ажилласан тул дүрдээ хайртай байж, хайраар хандсан бөлгөө.

Алдармаа бид хоёрын анхны яриа санаанууд илт гуйван алга болжээ! Ер нь кинонд хоёрын хооронд, дур зоргоороо, хүслээрээ орж гарсан эрх мэдэлтэй, мөнгөтэй нөхөд од болж, олны танил болох донд хөтлөгдөж, киноны чиг хандлага утганд хойшид хүчтэй нөлөөлж, уран бүтээлийн чанарыг сулруулдаг жудаггүй, түрэмгий, санаатай санамсаргүй үйлдлүүдээ болих хэрэгтэй шүү, залуус аа...


СЭТГЭГДЭЛ БИЧИХ