Өнөөдөр “9 сарын 11-ний дурсгалын цогцолбор” нээгдсэн өдөр
2011 оны 09-р сарын 11-ний өдөр буюу Аль Кайда бүлгийнхэн АНУ-д халдан Дэлхийн Худалдааны Төвийн хоёр ихэр цамхагыг нураан 2,977 хүний амь нас хохироосон аймшигт үйл явдлын 10 жилийн ойгоор тус цамхагуудын байрлаж байсан газарт дурсгалын цогцолбор болон музейн хүндэтгэлийн арга хэмжээ болж маргаашнаас нь нийтэд үүд хаалгаа нээсэн байна.
Дэлхийн худалдааны төвийн халдлагын дараа хохирогчид болон аврах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцож буй хүмүүст зориулсан дурсгалын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. Ингээд уг байршилд дурсгалын цогцолбор байгуулах төслийн уралдаан зарласан бөгөөд энэхүү уралдаанд 63 орноос 5201 ширхэг бүтээлийн санал ирснээс Нью Йорк болон Сан Францискод голчлон үйл ажиллагаа явуулдаг Handel Architects компаний Израйль гаралтай Америк архитектор Michael Arad ялагчаар тодорсон юм.
Тэрээр ландшафтын Peter Walker and Partners фирмтэй хамтран хоёр ихэр цамхагийн байсан сууринд түүний тусгал буусан мэт хэлбэртэй усан сантай, эргэн тойронд нь цагаан царс модон төгөл бүхий цогцолбор босгохоор төлөвлөсөн байсан юм.
Ингээд 2006 оны 8-р сард Дэлхийн худалдааны төвийн дурсгалын сан, Нью Йорк болон Нью Жерси мужийн боомтын захиргаад хамтран дурсгалын цогцолбор болоод музейн барилгын ажлыг эхлүүлэв.
Энэхүү цогцолбор нь алдарт загвар зохиогч Daniel Libeskind-ийн дурсгалын музей, цогцолборыг гудамжны түвшнээс 9,1 метрийн доор, бүүр 21 м-ийн гүнтэй хийх ёстой бөгөөд энэ нь нурсан цамхагуудын ул мөрийг илүү тодруулан харуулна гэсэн уриалгын эсрэг зогсож чадсан ганц санал нь байсан гэнэ.
Дэлхийн худалдааны төвийн дурсгалын сан нь 2007 оноос нэрээ өөрчлөн “Үндэсний 9-р сарын 11-нийг дурсах цогцолбор ба музей” болгосон бөгөөд өнөөдөр тус цогцолборыг хариуцан түүнийг сэргээх хандив болоод үйлчилгээ, үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Дурсгалын цогцолбор тус аймшигт халдлагын 10 жилийн ойгоор нээгдэж байсан бол музейг 2014 оны 05-р сарын 15-нд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Майкл Блумберг нар нээж үг хэлж байсан бөгөөд 05-р сарын 21-ний өдрөөс нийтэд үйлчилж эхэлсэн байна.
Цогцолборыг барих санхүүжилтийг босгох компанит ажлыг нийт ард түмний дунд зохион байгуулсан бөгөөд хүмүүс цогцолборт тавигдах чулуун хавтангуудын үнийг хандивлах бөгөөд түүний нэрийг хандивын сангимйн вэбсайтд байрлуулж, цогцолборын орчимд босох худалдааны цэгийн хананд сийлэн үлдээсэн байна. Энэхүү компанит ажлыг Аавуудын баяр болон 12-р сарын амралтын улирлаар зохион байгуулсан байна.
Уг цогцолборын төсвийг эхэнд нь 1 тэрбум доллар болно гэж тооцоолсон боловч хотын дарга Блүмберг “Бид дурсгалын цогцолбортой болохын тулд хязгааргүй мөнгө зарцуулах нь зохимжгүй бөгөөд нийт зардал нь 500 сая доллараас ихгүй байвал илүү зохимжтой” гэж өгүүлсэн байна. Ингээд бүх талууд оролцон цогцолборын архитекторын зураг болон бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж нийт 500 сая долларт багтах хувилбарыг эцэслэн батлав.
Дурсгалын цогцолборын усан санг /АНУ-ын хамгийн том буюу тус бүрдээ 4000м2 хэмжээтэй хиймэл хүрхрээ бүхий/ бүтэн ган төмөр карказ зангидаж гадуур нь бүрэн бетон цутгаж хийсэн бөгөөд эцэст нь боржин чулуугаар өнгөлөн хучсан байна. Өнгөлсөн боржин чулуунууд дээр нийт 2,983 хүний (9/11 ослын 29777+ 1993 оны дэлбэрэлтийн улмаас нас барсан 6 хүний) нэрсийг цоолборлон бичиж оройн цагаар ардаас нь гэрэл асч байхаар хийжээ.
Харин музейн барилгын ажлыг хийх явцдаа урьдчилан амьд үлдсэн хохирогчдын ашиглан гарч байсан шатны хэсэг болоод нурсан хоёр цамхагийн бодит хананы хэсгийг ч оруулсан байна.
Уг цогцолборын эргэн тойронд нийт 400 гаруй цагаан царс мод суулгаж өгсөн нь илүү гоёмсог болгож чимэхээс гадна аюул ослын дараа ч бид цэцэглэн ургана гэсэн санааг давхар агуулдаг.
Тус цогцолборт 2010 оны 12 сард бас нэгэн гайхалтай модыг авчирч суулгасан бөгөөд энэ лийрийн мод нь ослын үед 2,4 метрийн өндөр байсан боловч нурангин дороос амьд гарч чадсан бгөөд тусгайлсан цэцэрлэгжүүлэлтийн компани асарч байгаад 2010 онд 9,1 метр өндөр болоход нь эргээж тус талбайд нүүлгэн тарьжээ. Энэ мод өнөөдөр гэмт халдлагыг даван туулж амьд гарсан хүмүүс болоод хохирогчдын ар гэр ч илүү зоригтой өөдлөн амьдарч байгааг бэлгэдэх болсон тул түүнд “Survivor tree” хэмээх нэр өгсөн байна.
2014 оноос хойш тус цогцолбор болон музейг хамгийн багадаа 10 сая хүмүүс үзэж сонирохсон бөгөөд музей үзэх нэг хүний тасалбар 25 доллар байдаг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ