Алексей Навальныйгийн бие сайжирч эхэлжээ

Оросын сөрөг хүчний удирдагчдын нэгд тооцогддог Алексей Навальныйгийн биеийн байдал сайжирч эхэлжээ. Түүнийг комоос гаргаж, хиймэл  амьсгалын аппаратыг нь аажмаар салгаж  байгаа тухай Берлиний Шарите эмнэлгийнхэн мэдээлснийг хэвлэлүүд шуурхай мэдээлж эхэллээ. Эмч нарын мэдэгдэж байгаагаар Навальный хариу үйлдэл үзүүлж эхэлсэн ч хорт бодисын гаж нөлөө урт хугацаанд үргэлжлэхгүй гэх баталгаа байхгүйг анхааруулсан байна.


Германы шинжээчид Навальныйгийн бие организмоос Новичок бүлгийн хорт бодисын ул мөр илрүүлснээ өмнө нь зарласан. Харин Оросын эмч  нар түүний биеийн байдал гэнэт муудсаныг бодисын солилцоо алдагдсантай холбоотой гэж баталж байгаагаа илэрхийлж байсан. Омск муж болон Сибирийн холбооны тойргийн Ерөнхий хордлого судлаач Александр Сабаев эмнэлэгт ирснээс нь хойш эхний 8 цагт хими токсилогийн шинжилгээг бие даасан гурван лабораторид  хийсэн.


Хорт бодисын хордлогын ул мөрийг цус, шээснийх алинаас нь илрүүлээгүй гэдгээ мэдэгдэж  байсан билээ. Энэ хооронд  Германы  сайд нарын  танхимаас Оросын цаашдын алхмаас шалтгаалж Умард урсгал хоёр хийн хоолойн төсөлтэй холбоотой байр сууриа өөрчилж магадгүй тухай мэдээлсэн нь олон улсын  анхаарлыг татаж  байна.


Германы  сайд нарын танхимын албан  ёсны  төлөөлөгч Штеффен Зайбер  Берлин Москвагийн хариуг  хүлээж  байгааг мэдэгдсэний хамтаар  канцлер Меркель Москвагийн эсрэг хориг  арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй байгааг мэдээлсэн юм. Германы канцлер Меркель, Оросын Ерөнхийлөгч Путин нар Навальныйг хордуулсан гэх асуудлыг одоогоор  хэлэлцээгүй  байна. Кремлийн ордноос  ОХУ Германы  талд  бүх  талын дэмжлэг үзүүлэхэд  бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ