Англид коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байна
"COVID-19"-ийн тохиолдол огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор Английн Засгийн газраас нэг дор зургаан хүн цугларахыг хориглосон журам гаргалаа. Энэхүү журмыг есдүгээр сарын 14-ний даваа гарагаас хэрэгжүүлж эхлэх аж.
Иргэдийг гадуур болон байгууламж дотор олноороо цуглахыг хориглосон ч энэхүү шийдвэр сургууль, ажлын байр болон халдвар хамгааллын журам мөрдөн зохион байгуулж буй хурим, оршуулгын ёслол болон багийн спортод үл хамаарах аж. Журмыг зөрчсөн тохиолдолд 100 фунт стерлинг, давтан зөрчил гаргавал 3200 хүртэлх фунт стерлингийн торгууль ногдуулах юм.
Ерөнхий сайд Борис Жонсон “Бид вирусийн тархалтыг зогсоохоор ажиллаж байна. Тиймээс олон нийтийн хавьтлаас сэргийлэх журмыг илүү ойлгомжтой тодорхой болгож, хялбаршуулж бас чангатгаж байна” гэжээ. “Хүмүүс эдгээр дүрэм журмуудыг дагаж мөрдөн, гараа угаах, нүүрээ халхлах, зай барих, өвчний шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөх зэрэг үндсэн дүрмээ санаж байх нь чухал байна” гэжээ.
Ингэснээр тус улсад долоо болон түүнээс дээш тооны хүн нэг дор цугларвал цагдаагийн ажилтнууд торгууль ногдуулах эрхтэй болох гэнэ. Англид өнгөрсөн ням гарагаас хойш нийт 8396 шинэ тохиолдол илэрснээс зөвхөн мягмар гарагт гэхэд 2460 тохиолдол илэрсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ