Зэсийн үнэ он дуустал эрс буухгүй гэсэн таамаглалтай байна

2020 оны 08 дугаар сард зэсийн үнэ 6342-6728 ам.доллар тонны хооронд хэлбэлзэж, дунджаар 6496,7 ам.доллар тонн болсон нь өнгөрсөн 07 дугаар сарын дундаж үнэтэй  харьцуулахад 142.9 ам.доллараар өссөн үзүүлэлтэй байна. 2020 оны эхний 8 сард  зэсийн үнэ дунджаар 5723,66 ам.доллар тонн байна.              

Үнийн өсөлтийн шалтгаан?


  • Хятадын хэрэглэгчдийн зэсийн худалдан авалт сайжирч, зэсийн импорт өссөн, биржүүдийн зэсийн нөөц, ялангуяа Лондоны металлын биржийн зэсийн нөөц сүүлийн жилүүдэд гараагүй түвшинд хүрч буурсан, зэсийн уул уурхайн компаниудад бослого хөдөлгөөн, хөдөлмөрийн маргаан гарсан, халдварт өвчний тархалт нэмэгдсэн зэргээс шалтгаалан зэсийн үнэ өслөө.
  • Мөн ам.долларын бусад валюттай харьцах ханш суларсан нь зэсийн үнэ өсөхөд зарим талаар нөлөөлсөн.
  • Томоохон улс орнууд эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд түүхэнд байгаагүй их хэмжээний санхүүжилт гаргаж, төв банкнууд мөнгөний бодлогоо эрс сулруулсан нь эдийн засаг тогтворжиж, эрэлт өсөхөд нөлөөллөө хэмээн шинжээчид дүгнэж байна. Тухайлбал, зээлийн хүү эрс буурсан тул барилга, байшингийн худалдан авалт нэмэгдэн, барилгын салбарын зэсийн эрэлт нэмэгдсэн нь өсөлтөд нөлөөлсөн байна. 
  • Зэсийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг БНХАУ 5,75 их наяд юанийг эдийн засгийн өсөлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулсан ба тус улсын аж үйлдвэрлэлийн PMI (Худалдан авалтын индекс) 3 сар дараалан өссөн нь 2011 оны 01 дүгээр сараас хойш гараагүй эрс өсөлт боллоо. 2020 оны 06 дугаар сард БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн PMI 51.2 байсан бол 07 дугаар сард 52,8 болж өсжээ.


Үнийн хэтийн төлөв ямар байна вэ?


  • 2020 оны 3-5 дугаар саруудад судалгааны байгууллага зэсийн үнийн таамаглалаа эрс бууруулан өөрчилсөн бол 5-8 дугаар саруудад өсгөлөө. Тухайлбал, “Wood Mackenzie” судалгааны байгууллага  08 дугаар сард 2020 оны 3 дугаар улирлын зэсийн үнийн таамаглалаа 7 дугаар сард гаргасантай харьцуулахад 200 ам.доллараар өсгөн 6450 ам.доллар тонн, 4-р улирлыг 650 ам.доллараар өсгөн 6500 ам.доллар тонн, 2020 оныг 223 ам.доллараар өсгөн 5986 ам.доллар тонн болгожээ.
  • Ихэнх судалгааны байгууллага 2020 оны үлдсэн хугацаанд зэсийн үнэ эрс буухгүй гэсэн хүлээлттэй байгаа боловч зарим судлаачид зэсийн үнэ дахин буурах эрсдэлтэй  гэж анхааруулж байна.
  • Судалгааны байгууллагуудын 2020 оны зэсийн үнийн таамаглал 5570-6050 ам.долларын хооронд хэлбэлзэж, дунджаар 5816 ам доллар тонн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ