Бейрутын дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийг хайх эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна

Ливаны нийслэл Бейрутад дэлбэрэлт болсноос хойш яг нэг сар өнгөрсөн хэдий ч аврагчид байшин барилгын нуранги дороос амьд хүн олдоно гэсэн найдлагатайгаар эрлийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Лхагва гарагийн орой Чилийн аврагчид Бейрутын Мах-Михаэл хэмээх дүүргийн нурсан барилгын дэргэдүүр өнгөрөх үед тэдний тусгай сургуулилалттай нохой нь нуранги дор амьд хүн байна гэсэн дохио өгчээ.


Аврагчид маргааш өглөө нь энэ барилгад ирэхэд нохой мөн л амьд хүн байна гэж мэдэгдсэн байна. Үүний дараа аврагчид 15 метрийн гүнээс хүний зүрхний цохилт буюу амьсгалыг илрүүлдэг тусгай сканер ашиглахад амьсгал, пульс, мөн дулаан мэдрэгдсэн тул нурангийг болгоомжтойгоор хөдөлгөж эхэлжээ.


Энэ мэдээлэл гарсан даруйд Бейрутын иргэд нурангины дэргэд төрийн далбаагаа барин цугларч эхэлсэн байна. Ажиллагаанд Улаан загалмайн ажилтнууд, цэргүүд, гал сөнөөгчид, сайн дурын аврагчид оролцож байна. Одоогоор нуранги дор үнэхээр амьд хүн байгаа эсэх нь батлагдаагүй ч аврагчид итгэл найдвараа алдалгүй ажиллаж байна.


Ерөнхийдөө ийм удаан хугацааны дараа амьд хүн олдох тохиолдол ховор байдаг. НҮБ-ын аврагчид ихэвчлэн 1-2 хоногийн дотор нэг ч амьд хүн илрүүлж чадаагүй бол ослоос хойш 5-7 хоногийн дараа эрэн хайх ажиллагаагаа зогсоодог байна. Гэхдээ 2005 оны 12 дугаар сард Пакистаны хяналтад байдаг Кашмирын бүсэд газар хөдөлснөөс хойш хоёр сарын дараа 40 настай нэгэн эмэгтэй амьд олдсон юм. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ