Ёшихидэ Суга Японы шинэ ерөнхий сайдаар сонгогдох магадлал өндөр байна

Японы ерөнхий сайдаар 2012 оноос хойш ажиллаж байгаа Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа өгөхөө өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ үйл явдлын дараагаар Японы засгийн газрын шинэ тэргүүнээр хэн нэрлэгдэх  бол гэсэн хүлээлт үүсэж, янз бүрийн таамаг өрнөж байна. NHK агентлагийн дамжуулснаар сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Японы шинэ ерөнхий сайдаар сонгогдох магадлал тун өндөр байгаа аж. 


Абэ Шинзогийн баруун гарын хүн гэгддэг Суга Ёшихидэ шинэ ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж байгаа улс төрчдийн дунд сонгогдох найдлага хамгийн өндөр хүнээр нэрлэгдэж байна. Тэрээр өөрийн цахим хуудсандаа ард иргэдийнхээ амь нас, мөн аж амьдралын аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллана гэдгээ онцолжээ. Засгийн эрхийг баригч Либерал Ардчилсан намын гишүүдийн дунд ч Ёшихидэ  Сугаг дэмжих хандлага давамгайлж байна.

Түүнийг ерөнхий сайдын албан тушаалаасаа удахгүй буухаа зарлаад байгаа Абэ Шинзогийн бодлого, хөтөлбөрийг үргэлжлүүлэх нэгэн гэж харж байгаа юм. Ер нь бол хэд хэдэн нөлөө бүхий улс төрч засгийн газрын тэргүүнээр ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн байна.


Тухайлбал, Либерал Ардчилсан намын Бодлогын Судалгааны Зөвлөлийн тэргүүн Фүмио Кишида, тус намын Ерөнхий Нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Шигэру Ишиба, Дотоодын Хэргийн сайд асан Сейко Нода нар багтаж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ