Германд хөл хориог эсэргүүцэж 30 мянган хүн жагсчээ
Германы нийслэл Берлин хотод “COVID-19”-ийн тархалттай холбоотой хөл хорио, бусад албадлагын арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал боллоо. Иргэд нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүх ёстой гэсэн шаардлагыг ч жагсагчид эсэргүүцсэн байна. Тайван замаар эхэлсэн жагсаалын үеэр үймэн самуун дэгдэж, 300 хүн баривчлагдсан байна.
Берлин хотын төвд болсон уг жагсаалд 30 мянга гаруй хүн оролцсон байна. Зарим жагсагч амны хаалт зүүх албадлагыг эсэргүүцсэн уриа лоозонг барьсан байжээ. Тухайлбал, амны хаалт зүүхгүйгээр цэвэр агаар амьсгалахыг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Германы ихэнх мужид амны хаалт зүүхгүй байгаа иргэдийг багадаа 50 еврогоор торгох хууль мөрдөгдөж байгаа аж.
Цагдаа нар жагсагчдад цар тахлын үеэр олноороо цугларахыг зөвшөөрөхгүй байгааг сануулж, тэднийг тараах гэж оролджээ. Харин эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын зарим нь цагдаа нар руу чулуу, шил шидэж, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Германд иргэд зуны амралтаараа аялал зугаалганд явах нь ихсэж, үүнийг дагаад халдварын тохиолдол ч нэмэгдсээр буй юм.
Сүүлийн өдрүүдэд тус улсад коронавируст халдварын тохиолдлын тоо хоногт 1000-г давах болжээ. Тус улсын канцлер Ангела Меркель цар тахлын дэгдэлтэд тун ноцтойгоор хандахыг иргэддээ уриалсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ