Дэлхийн хамгийн өндөр настай хосоор Эквадорын иргэд шалгарчээ
Гиннесийн дээд ажилтын номонд саяхан дэлхийн хамгийн өндөр настай хосыг бүртгэж, гэрчилгээ олгожээ.
Тэд бол хамтдаа 79 жил хамт амьдарч байгаа Эквадорын иргэд болох 110 настай Хулио Мора, 104 настай Валдрамина Кинтерос нар юм.
Тэдний насны нийлбэр 215 болж байгаа нь одоогоор мэдэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт болохыг Гиннесийн номонд тэмдэглэжээ.
Мора, Кинтерос нарын ар гэрийнхэн гэрлэхийг нь зөвшөөрөөгүй тул 1941 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр тэд Эквадорын нийслэл Кито хотод испаничуудын байгуулсан анхны сүм болох Ла Иглесиа де Эл Белэнд нууцаар гэрлэж байсан гэнэ.
Багш мэргэжилтэй хос одоо ч мөн Кито хотод амьдардаг ажээ. Тэдний хүүхдүүдээс дөрөв нь амьд сэрүүн байгаагаас гадна 11 ач, зээ, 21 ачанцар, зээнцэр, 1 жичтэй ажээ. Мора, Кинтерос нарын бие эрүүл, ухаан санаа нь саруул байгааг охин Сесилиа нь ярьжээ. Аав нь зурагт үзэнгээ сүү ууж суух дуртай бол ээж нь амттанд дуртай, өглөө бүр сонин уншдаг зуршилтай гэнэ.
Цар тахалтай холбоотой хөл хорионы улмаас үр хүүхдүүдээ нэг дор цуглуулж чадахгүй байгаадаа тэд жаахан гунигтай байгааг охин нь ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ