Хоёр сая төгрөгийн шагналын сантай гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

Монгол Улсад Батлан хамгаалах байгууллага үүсч байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдаан зарлагджээ. Эрхэм уншигч танд тус уралдааны удирдамжийг хүргэж байна.


НЭГ. Уралдааны үндэслэл, зорилго


Монгол Улсад Батлан хамгаалах байгууллага үүсч байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан түүхэн баримтат, өнөөгийн байдлын сэдвээр гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн зохион байгуулахад оршино. 1921 онд Монгол ардын журамт цэрэг байгуулан эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан зарласнаас хойш Монгол улс болоод Батлан хамгаалах салбар улам бүр бэхжин эрчимтэй хөгжиж, өнөөдөр Монгол улс бие даасан арми зэвсэгт хүчинтэй болтлоо өсөн хэгжиж ирсэн түүхтэй.


Батлан хамгаалах салбарын өдөр тутмын үйл ажиллагаа, ажил амьдралын баяр баясгалантай, дүр төрхийг гэрэл зургийн агшинд буулгаж, мэдээллийн бүх хэрэгсэл боломжийг ашиглан хүргэж сурталчлах нь үр нөлөөтэй хэмээн уралдааныг зохион байгуулагчид үзсэн болно. Уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээр Монгол Улсад Батлах хамгаалах салбар үүсэж хөгжсөний 110 жил, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын үеэр гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж, уралдааныг дүгнэхээр төлөвлөв.


ХОЁР. Уралдааны хамрах хүрээ


Уралдаанд Монголын мэргэжлийн гэрэл зурагчид, болон Батлан хамгаалах салбарт ажилладаг алба хаагчид болон бусад гэрэл зураг сонирхогчид / 18 насанд хүрсэн/ хэн бүхэн оролцож болно.


ГУРАВ. Сэдэв, агуулга


Монгол Улсын Батлан хамгаалах салбарын хөгжил, бүтэц, ажилчин албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, ахуй амьдрал, аж байдлыг аль болох гэрэл гэгээтэй, аз жаргалтайгаар гэрэл зургаар үзүүлсэн байна.


ДӨРӨВ. Уралдааны үргэлжлэх хугацаа


2020 оны 7 дугаар сарын 1-нд уралдааныг албан ёсоор олон нийтэд нээлттэй зарлан, удирдамжийг хүргэж 2020 оны 10 дугаар сарын 1-нийг өдрийг хүртэл буюу гурван сарын хугацаанд сонирхсон оролцогчдын материалыг хүлээн авна.


ТАВ. Уралдаан бүтээлээ ирүүлэхэд анхаарах зүйлс


Оролцогчид 3-5 бүтээл ирүүлэх ба бүтээлдээ нэр өгсөн байх ба зургийг тайлбарын хамт ирүүлэхдээ хэзээ. хаана уг зургийг авсан зэргээ тодорхой дурдсан байна. Уралдаанд ирүүлж буй бүтээлээ JPЕG формат руу хөрвүүлсэн байх шаардлагатай. Эх зургийн тухайд хэзээ, ямар камераар авсан тухай мэдээлэл компьютер дээр шалгах боломжтой байх ёстойг анхаарна уу.


Хөдөө орон нутгийн болон нийт оролцогчид бүтээлээ шаардлагын дагуу бэлтгэн зохион байгуулагчид руу электрон шуудангаар хүргэнэ.


И-мэйл хаяг: Mil-newssoyombo@yahoo.com

Холбоо барих: 70001029


ЗУРГАА. Гэрэл зургийн нөхцөл ба шалгуур


Бүтээлийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан шүүнэ. Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх ёстой бөгөөд зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй. Эхний шалгаруулалтаас шалгарсан зургийг зохион байгуулагчид хэвлэх тул фокусгүй гэрэл зургийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.


ДОЛОО. Уралдааны шүүгч ба шүүлтийн зарчим


Уралдааныг Батлан хамгаалах яамнаас томилогдсон мэргэжлийн Таван шүүгч, хамтран шүүнэ.

Шүүгчид бүтээлийг дараах дөрвөн үзүүлэлтээр шалгаруулна.


Үүнд:

  1. Бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авъяас чадвар
  2. Гэрэл зургийн чанар ба техникийн бусад үзүүлэлт
  3. Бүтээлийн агуулга ба нэр, тэдгээрийн шүтэлцээ
  4. Байгууллагын дүрэм ба бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байх


НАЙМ. Зохиогчийн эрх


Гэрэл зургийн зохиогчийн эрх нь зураг авсан хувь хүнд байна.


Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд зохион байгуулагчдын гэрэл зургийн сан хөмрөгт зохиогчийн эрхтэйгээ үлдэх бөгөөд ямар нэгэн байдлаар тухайн бүтээлийг ашигласан тохиолдолд зохиогчийн нэрийг заавал дурдана.


Зургийг бусад хувь хүн, байгууллагад худалдах, шилжүүлэх, хэлбэрээр ашиглуулахгүй байх үүргийг зохион байгуулагч тал бүрэн хариуцах болно. 


ЕС. Уралдааны шагналын сан

а. Нэгдүгээр байр: 800.000₮

б. Хоёрдугаар байр: 500.000₮

в. Гуравдугаар байр: 300.000₮

г. Тусгай байр: Хоёр хүн тус бүр 200.000₮


СЭТГЭГДЭЛ БИЧИХ