АНУ-д цагдаа нарын эсрэг тэмцэж байсан хоёр хүнийг буудаж амийг нь хороожээ
АНУ-ын Уисконсин мужийн Кеноша хотод өнгөрсөн ням гарагт африк гаралтай эрэгтэй Жэкоб Блэйк цагдаа нарт буудуулсны дараа биеийн хагас нь мэдээгүй болсон юм.
Түүнийг машиндаа суухаар явах үед цагдаагийн гурван офицер араас нь долоон удаа бууджээ. Энэ үед Блэйкийн бага насны гурван хүүхэд машинд байсан юм.
Цагдаа нар тухайн үед дуудлагаар хэргийн газарт ирсэн гэж байгаа ч Жэкоб Блэйк ямар буруутай байсан нь тодорхойгүй байна. Зарим гэрчүүд түүнийг гэмт хэргийг таслан зогсооход тусалсан гэж мэдүүлж байгаа.
Энэ явдлаас хойш Кеноша хотод африк гаралтай иргэдийн шударга ёсыг шаардсан тэмцэл эхэлж, эмх замбараагүй байдал үүсээд байна. Уисконсин мужийн захиргаа Үндэсний Гвардын 500 цэргийг цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх зорилгоор нэмж дайчилсан юм. Кеноша хотод оройн 7:00 цагаас хойш хөл хорио тогтоосон байна.
Мөн цагдаа нарыг дэмжигч 17 настай цагаан арьстан залуу гудамжинд хоёр тэмцэгчийг буудаж амийг нь хороосон үйлдэл гар утасны камерт бичигджээ. Уг хэргийг үйлдсэн Кайли Риттенхаусыг нэгдүгээр зэргийн аллагын хэрэгт сэжиглэн өчигдөр баривчилсан байна.
Түүнчлэн NBA-ийн Милвуки Бакс баг плэйоффын шатанд Орландо Мэйжик багтай хийх тоглолтдоо оролцохоос татгалзаж, Жэкоб Блэйкийг буудсан явдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Тус багийн тамирчид талбайд гараагүй тул өрсөлдөгч Орландо Мэйжик багийнхан дөрвөн минутын дараа талбайг орхихоос өөр аргагүй болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ